Энэхүү үлий утагч төхөөрөмж нь 2015 оны Инновацийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлж, 2016 оны Залуу зохион бүтээгчдийн улсын уралдааны шилдэг 44 бүтээлийн нэгээр шалгарсан Завхан аймгийн Тэлмэн сумын зураг төсөл, технологийн багш О.Баттулга, түүний шавь нарын бүтээл юм. О.Баттулга багш үлийн цагаан оготнотой тэмцэх ажилд өөрийн хувь нэмрээ оруулж буйд баяртай байгаагаа илэрхийлээд энэхүү төхөөрөмж нь аргал, хомоолын утаагаар утах зориулалттай, бензин шатахуун хэрэглэдэггүй, эдийн засгийн хэмнэлттэй бүтээл гэдгийг онцолж байлаа.
Энэ үеэр сонгогдсон 7 сумын Засаг дарга, багийн дарга, хариуцсан мэргэжилтнүүдэд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас сургалт зохион байгууллаа. Мөн сумдын ажлын тайланг сонсож, мэдээлэл солилцсон бөгөөд аймгийн Засаг дарга Д.Батсайхан тодорхой үүрэг, чиглэл, зөвлөмж өгч ажиллалаа.