Очирвааний орны унаган нутгийнханд Дээрхийн гэгээнтэн 14-р Далай ламаас илгээсэн язгуурын гурван бурханыг аймгийн Бурхан шашны төв Төгс Буянт Жавхлант хийдэд заллаа.
Өнгөрөгч сард аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив, ЗДТГ-ын дарга Д.Түвшинжаргал, Төгс Буянт Жавхлант хийдийн хамба лам Буяндорж нар Далай ламын урилгаар Энэтхэг улсад айлчилсан бөгөөд Далай лам Данзанжамц Завхан нутгийнханд энэхүү бурхадыг илгээсэн байна.
Эдгээр бурхад нь Монголыг даасан их сахиус, арван хангалын нэг Очирваань, оюун ухааныг тэтгэгч Мандшир бурхан, эх болсон зургаан зүйл, хамаг амьтныг энэрэн нигүүлсэгч Мэгжид Жанрайсэг юм.
Бурхадыг хаврын дунд туулай сарын туулай өдөр Төгс буянт Жавхлант хийдэд залж Гүнсэнтүгийн мандал өргөлөө. Язгуурын гурван бурхадыг залах ёслолд сүсэгтэн олон өргөнөөр оролцсон байна.