ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

24 СУМЫН УДИРДЛАГУУДТАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЛЭЭ.

2020-12-21

2020-12-21-ний өдөр аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал болон холбогдох албан байгууллагын дарга нар 24 сумын удирдлагуудтай цахим хурал хийж, цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санал хүсэлтийг нь сонслоо.

Сумын онцгой комисс, шуурхай штабын үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудлууд, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд сум орон нутгийн гүйцэтгэх үүргийн талаар Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд мэдээлэл  хийлээ. Тэрээр шинээр томилогдсон сумдын удирдлагууд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.3, 10.4, 32 дахь заалтуудыг маш сайн судалж хэрэгжүүлж ажиллах, 2021 оны төсвийнхөө нэгээс доошгүй хувиар гамшгийн эрсдэлийн сан бүрдүүлэх шаардлагатайг онцоллоо. Ирэх онд  сум бүр гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийж, хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж ажиллана. Орон нутгийн удирдлагууд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж буйгаа мартаж болохгүй. Хөл хориог сулруулсан болохоос цуцлаагүй гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Аж ахуйн нэгж, албан байгууллага, ард иргэдэд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх дадлыг хэвшүүлэхэд анхаарах, сумдын шуурхай штаб хариуцлагатай ажиллах ёстойг хэллээ.

Коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, отроор өвөлжиж буй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн хяналт, үйлчилгээний талаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэн мэдээлэл өглөө.

Эрүүл мэндийн яамнаас тавьсан шаардлагын дагуу сумдын эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, оношлуур зэрэг нь хамгийн багадаа 7-14 хоногийн нөөцтэй байх ёстой. Олон улсын хэмжээнд  халдвар нэг хүнээс 3-4 хүнд халдаж байгаа бол манай улсад 10 орчим хүнд халдаж байна. Улаанбаатарт халдварын тоо өдөр  ирэх тусам огцом нэмэгдэж байна. Хөдөөгийн иргэд хоол хүнс, орчноосоо хамаараад бидэнд тусахгүй гэсэн өрөөсгөл ойлголттой байж болохгүй. Үл тоомсорлосон, хариуцлагагүй байдлын үр дүнд маш том эрсдэл үүсэх өндөр магадлалтай боллоо. Иймд ард иргэд халдвар хамгааллын  дэглэмээ маш сайн баримтлах ёстой.

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх тусгаарлан ажиглах байрны бэлэн байдлыг хангуулах зарим арга хэмжээний тухай аймгийн Засаг даргын 2020 оны 11 сарын 18-ны өдрийн А/422 дугаар захирамжийн дагуу 24 суманд 317 ажиглан тусгаарлах байр бэлтгэхээр төлөвлөсөн. Сумууд сэжигтэй тохиолдлыг тусгаарлах болон хавьтлуудыг ажиглан тусгаарлах байруудыг маш сайн бэлтгэх, ажлын чиг үүргийн дагуу хүний нөөцийн бэлэн байдлыг хангах  шаардлагатай.

 

Аж ахуйн нэгж,байгууллагын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхэд эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, малчдыг коронавируст халдвараас сэргийлэхэд анхаарах, гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд байнгын хяналт тавих зэрэгт анхаарч ажиллах хэрэгтэйг хэллээ. Сумдад нэн шаардлагатай тохиолдолд эрсдэлтэй бүс нутгаас ирсэн иргэдэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийнэ.

 

Коронавируст халдварын эрсдэл үүссэн  үед сумын иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй хүргэх боломж нөхцөлийг бүрдүүлэх, удирдлага зохион байгуулалтаар шуурхай хангах, шаардлагатай тохиолдолд эмнэлэг нүүлгэн шилжүүлэх асуудал гарч болно. Халдвар нэг суманд гарсан тохиолдолд ойролцоо сумдыг дайчилна. Өнгөрсөн жилүүдэд сумдын эрүүл мэндийн төвүүдийн автомашины парк шинэчлэлтийг сайн хийсэн боловч харамсалтай нь машинаа гамгүй эдэлж буй сумууд цөөнгүй байна. Цаашид энэ тал дээр анхаарах шаардлагатай.

Цар тахлын үед орон нутагт үүссэн нөхцөл байдлын  талаар шуурхай мэдээлэл өгч хариу арга хэмжээ авч байх, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлж ажиллах хэрэгтэй. Оторт явсан ахмад настан, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд онцгойлон анхаарал хандуулах, тэднийг сумандаа татан авах шаардлагатайг хэллээ. Мөн сум хоорондын авто зам болон  албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна талбайд хальтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж цасаа тогтмол цэвэрлэх, отроор өвөлжиж буй малчин өрхүүдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах шаардлагатайг онцоллоо.  

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга А.Даваадорж цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл  хийлээ.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын  зөвлөмжөөс авахуулаад одоогоор 140 орчим эрх зүйн баримт бичиг гарч, тодорхой үүрэг чиглэлүүд өгөгдсөн байна. Сумдын шинээр томилогдсон удирдлагууд дээрх бичиг баримтуудыг сайтар судлах, тусгаарлах байрны бэлэн байдлыг сайн хангах, хүнсний бүтээгдэхүүний хугацаа, чанар, стандарт, дэлгүүр, цайны газруудын эрүүл ахуйн шаардлага зэрэгт анхаарч ажиллах хэрэгтэйг зөвлөлөө.

Өвөлжилтийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ХХААГ-ын дарга Н.Батбаяр мэдээлэл өглөө.

Сумдын хөдөө аж ахуйн тасагт Газар тариалан бэлчээрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, хоршоо, санхүүгийн үйлчилгээний асуудал  хариуцсан мэргэжилтэн, Мал аж ахуйн салбарыг хариуцсан мэргэжилтэн, 24 суманд нийт 72 мэргэжилтэн ажиллах ёстой хэдий ч боловсон хүчний хүрэлцээ, хангамж муу байгаа тул цаашид хүний нөөцөө бүрдүүлэхэд анхаарч ажиллах зайлшгүй шаардлагатайг хэллээ.

2020-2021 оны өвөл, хавар 4.0-4.1 сая толгой мал, хонин толгойд шилжүүлснээр 6.4 сая мал өвөлжиж, хаваржина. Нийт 18 сумын 394 өрхийн 277.396 толгой мал таван чиглэлээр отор хийж байна.

Аймгийн хэмжээнд 1640 га талбайгаас 1014 тн үр тариа, 1525 га талбайгаас 5407.7 тн тэжээлийн ургамал, 186.7 га талбайгаас 1783.9 тн төмс, 151.5 га талбайгаас 1587.4 тн хүнсний ногоо тус тус хураан авчээ. Бэлчээрийн ургамлын  ургалт нийт нутгийн 75 хувьд  хэвийн буюу сайн, 25 хувьд дунд  зэрэг гэсэн үнэлгээтэй гарсан байна. 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын хувьд нийт бэлчээрийн 46 хувьд нь нөөцтэй, 25 хувьд нь хүрэлцээтэй, 25 хувьд нь  бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн, 1 хувьд нь 3-5 дахин хэтэрсэн, 3 хувьд нь олон  дахин хэтэрсэн байна. 2020 оны хавар, намар 24 сумын хэмжээнд нийт 146 мянган га талбайд бэлчээр хамгаалах ажлыг зохион байгуулжээ. Аймгийн нөөцөд 140 тн өвс, сумын нөөцөд 720 тн өвс, 74 тн тэжээл бэлтгэсэн байна.

Цаашид сумдын удирдлагууд Малын тоо толгойн  албан татварын тухайн хуулийг хэрэгжүүлэх, отор нүүдэл хийж буй малчидтайгаа холбоо тогтоож дэмжлэг үзүүлэх, боловсон хүчний асуудлаа оновчтой шийдвэрлэх, худгийн судалгаа мэдээлэл ирүүлэх, бэлчээр хамгаалах арга хэмжээг төлөвлөх, газар тариаланд онцгой анхаарах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.

Аймаг, сумын цаг агаарын төлөв байдлын талаар УЦУОШТ-ийн дарга Э.Мөнгөнцэцэг мэдээлэл хийлээ.

12 сарын 21-26-ны өдрүүдэд нутгийн хойд болон төв, хангайн уулсаар бага зэрэг цас орж, цасан шуурга шуурна. 12 сарын 23-25-нд ихэнх нутгаар салхи секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Идэр, Тэс голын хөндий, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байх бол 12 сарын 26-наас бүх нутгаар эрс хүйтэрнэ гэлээ.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал сумдын удирдлагуудад дараах үүргийг өглөө.

  1. Шинээр томилогдсон удирдлагууд цар тахалтай холбоотой эрх зүйн бичиг баримтууд, мэдээ мэдээллийг сайтар судлахӨвс, тэжээлийн нөөц бүрдүүлсэн тухайгаа үнэн зөв мэдээлэл өгч байх
  1. Цаг агаарын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд сум орон нутаг, малчид өөрсдөө анхаарч, бэлтгэл ажлаа сайтар хангах
  2. Сумдын ОНХС-ийн хөрөнгийг цар тахлаас урьдчилан сэргийлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад зарцуулах
  3. Цахим хурлын үеэр тамхи татаж буй Завханмандал сумын орлогч даргад сумын Засаг дарга нь арга хэмжээ авч, хариуцлага тооцох
  4. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, таван жилийн үндсэн чиглэлд оруулах саналаа энэ 7 хоног өгч дуусгах
  5. Цахим хурлаар өгсөн үүрэг чиглэлүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангах, цар тахлыг өөрийн сумын нутаг дэвсгэртээ оруулахгүй байхад онцгойлон анхаарч ажиллахыг тус тус үүрэг болголоо.

 

 

Эх сурвалж: www.zavkhan.gov.mn

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%