Энэ удаагийн ИТХ, хуулиар зайлшгүй хэлэлцвэл зохих асуудлуудаас гадна дараах бодлогын чанартай асуудал хэлэлцэж шийдвэр гаргаж байсан байна. Үүнд: "Завхан аймгийн Аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөр", "Бичиг үсгийн боловсрол дэд хөтөлбөр", "Морин хуур, Уртын дуу аймгийн дэд хөтөлбөр", "Хоршоог хөгжүүлэх дэд хөтөлбөр", "Аймгийн жимс жимсгэнэ дэд хөтөлбөр", "Түүх соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах аймгийн дэд хөтөлбөр", "Атрын 3 дахь аян аймгийн дэд хөтөлбөр", "Аймгийн мал сүргийн чанар, үүлдрийг сайжруулах хөтөлбөр", "Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, аймгийн Засаг даргын хоорондын харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах журам", "2004-2008 онд орон нутгийн өмчийн үндсэн ба эргэлтийн хөрөнгийг данснаас хасах олж бэлтгэх, бүртгэх, мэдээлэх, түрээслэх журам", аймгийн ИТХ дахь бодлого хяналтын хороодын бүтэц, бүрэлдэхүүн ажиллах чиглэл зэрэг баримт бичгүүдийг батлан гаргажээ.
ХБНГУ-ын Конрад-Аденауэрийн сантай хамтран "Нутгийн өөрийн удирдлага ба эдийн засгийг дэмжих боломжууд", "Орон нутагт бие даан шийдвэр гаргах чадамжийг дээшлүүлье" сургалтыг зохион байгуулж 500 гаруй хүнийг хамруулсан үр дүнтэй сургалт болсон. Мөн багийн ИНХ-ын дарга нарын сургалтыг 6 бүс болгон хийж зөвлөмж гарган сумдын ИТХ-уудад хүргүүлж ажилласан ба иргэний нийгмийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн хийж нэгдсэн бодлого зорилгоо тодорхойлов. Баруун бүсийн эрдэм шинжилгээ судалгааны төвийг МУИС-ийн Эдийн засгийн салбар сургуулийг түшиглүүлэн байгуулж "Баруун бүсийн нийгэм эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт" онол практикийн бага хурал зохион байгуулав.
Орон нутгийнхаа тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, төрийн байгууллагуудын ажлын үр дүнг сайжруулж, иргэд олон нийтийн идэвхи санаачлагыг өрнүүлэх зорилгоор жил бүр тодорхой салбарын үйл ажиллагааг дэмжих бодлого зорилт дэвшүүлэн ажиллаж, биелэлт, үр дүнг нь дүгнэж ажилласан байна.