ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ДУУТ СУМЫН ШИВЭР БАГИЙН МАЛЧИН Ш.БАТ-ЭРДЭНЭ, П.ГАНЧИМЭГ НАР АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО

2022-03-24

Аймгийн аварга малчин, тариаланч, аварга саальчин, алдарт уяачдын шагнал гардуулах үйл ажиллагаа үргэлжилж байна. Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын хэсэг /2022.03.24/ Дуут суманд ажиллаж, аймгийн аваргуудын шагналыг малчны хотонд нь аваачин гардууллаа.
Ажлын хэсгийнхэний очсон эхний малчных Ховд аймгийн төвөөс 18 км-ийн зайд орших Буянт сумын нутагт Майхны далт цохио хэмээх газар хаваржиж байгаа малчин Ш.Бат-Эрдэнийнх байлаа.
Аймгийн аварга малчны шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г. Пүрэвганди гардуулж баяр хүргэсэн бол сум, багийн удирдлагууд, Ховд аймаг дахь Дуут сумын нутгийн зөвлөлөөс хүндэтгэл үзүүлэн баяр хүргэлээ.
Аймгийн аварга малчны болзол хангасан малчин Ш.Бат-Эрдэнэ нь мал аж ахуйн салбарт тасралтгүй 30 орчим жилийн хөдөлмөр бүтээлээ зориулж яваа туршлагатай малчдын нэг.
Энэ хот айл жилийн эцсээр 1200 гаруй толгой мал тоолуулсан бол энэ хавар 500 гаруй төл хүлээн авах гэнэ. Ш.Бат-Эрдэнэ малчных малынхаа чанарт анхааран Алтай сумаас илүү нугламтай хуц авч ирж сайжруулагчаар ашиглаж үр шимийг нь хүртэж байгаагийн зэрэгцээ сумынхаа Мал энмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжтэй байнгын гэрээтэй ажиллаж, мал сүргээ урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулж ажилласанаар халдварт паразит өвчингүй эрүүл сүрэгтэй болсон байна.
Түүнчлэн жишигт тэнцсэн нутгийн шилмэл хээлтүүлэгчийг өөрийн сүрэгт сайжруулагчаар ашиглаж байгаа нь малын ашиг шим, таваарлаг чанарт эергээр нөлөөлсөн гэдгийг аваргууд онцоллоо.
Аймгийн аварга малчин Ш.Бат-Эрдэнэ нь сүүлийн 3 жилд өөрийн мал сүргээ эрчимтэй өсгөн үржүүлэхийн хажуугаар 1 өрхийн 2 хүнийг ажлын байраар ханган гэрээ хийн маллуулж байна.
Мөн зун, намрын улиралд үхэр ямаа саалгаж сүү саалийг нь ашиглуулж, өрхийн амжиргааг нь дээшлүүлэхэд зохих хувь нэмрээ оруулсаар иржээ. Үүнээс гадна 2019-2021 оны хооронд малгүй болон цөөн тооны малтай 4 өрхөд адуу 2, үхэр 12, хонь 50, ямаа 120 гээд нийт 184 толгой малыг малжуулах зорилгоор үнэ төлбөргүй өгсөн байна.
Түүнчлэн Ш.Бат-Эрдэнэ нь жил бүр байгалийн хадлан 3-4 тонн, хужир 4-5 тонн, гар тэжээл 2 тонныг бэлтгэн авч өвөлжөө хаваржаа хашаа хороо, худаг усаа үлгэр жишээ засаж тохижуулсны үр дүнд сүргийн хорогдолгүй онд орж төл малаа 100 хувь хүлээн авчээ.
Тэрээр мал аж ахуйн салбарт ажиллах хугацаандаа улс аймгийн тэргүүний малчдын арга туршлагаас байнга суралцаж, тэдний мал маллах арга ухааныг эзэмшиж мал сүргийнхээ нутаг бэлчээрийг цаг агаар, улирлын байдалд тохируулан малладаг учир бүх малдаа дунджаас дээш тарга хүч авхуулж онд бүрэн оруулж, эрс тэс цаг ууртай, өвс ургамал тачиртай, өндөр уулын бүсэд мал сүргээ жил дараалан төлөөр нь өсгөж чадсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%