ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

СУМЫН ТӨЛӨӨЛӨГЧ ЯМАР НЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨСӨВ БАЙДАГГҮЙ.

2023-06-13

САНТМАРГАЦ СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Б.БАЯНЖАРГАЛ:

 

СУМЫН ТӨЛӨӨЛӨГЧ ЯМАР НЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨСӨВ БАЙДАГГҮЙ

Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

Намайг Батсуурийн Баянжаргал гэдэг. Сантмаргац сумын уугуул. 1991 онд төрсөн, айлын хоёр дахь хүү. 1999 оноос сумынхаа бүрэн дунд сургуульд элсэн орж 2009 онд төгссөн. ШУТИС-ийн харъяа Дархан-Уул аймгийн Технологийн сургуулийг хүнс, үйлдвэрлэлийн технологич-эрүүл ахуйч мэргэжлээр 2014 төгссөн.

Ажлын гараагаа хэрхэн эхэлж байсан бэ?

Их сургуулиа төгсөөд 2014 онд Витавит импекс ХХК-д технологичоор ажилласнаар ажлын гараагаа эхэлж байлаа. 2016 онд сумынхаа Баян-Улаан багийн Засаг даргаар ажилласан. 2017-2020 он хүртэл Сантмаргац сумын Хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилласан.

Хэдэн удаа хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна вэ?

Анх удаа сонгогдон ажиллаж байна.

Таны хувьд төлөөлөгч хүн ямар байх ёстой гэж боддог вэ?

Иргэдийн дуу хоолойг төрд хүргэж ажиллах үүрэгтэй гэж ойлгодог. Мөн төсөвт байгууллага болон төрийн албан хаагчдыг авлига хээл хахуульгүй, чин шударгаар ажиллахад нь хяналт тавьж ажиллахаас гадна суманд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлыг нэн түрүүнд дэмжин ажиллах ёстой.

Бүрэн эрхийн сүүлийн жил болжээ. Анх төлөөлөгчөөр сонгогдохдоо амалсан ажлаа хир гүйцэтгэж байгаа вэ?

Төлөөлөгч хүн ямар ажилласныг иргэд, сонгогчид дүгнэдэг болохоор их бага гэлтгүй тулгамдсан асуудлуудыг шийдэхийн төлөө л ажиллаж байна. Сумын түвшинд шийддэг, шийдэж болдоггүй асуудлууд байдаг. Зарим иргэд ойлгоно, зарим нь ойлгохгүй гээд хүмүүсийн ойлголт янз янз л байдаг. Өнөөдрийн байдлаар төлөөлөгчийн хувьд төлөвлөсөн ажлаа 70 хувийг хийчихсэн гэж хэлж болноо.

Та иргэдтэйгээ хир ойр ажилладаг төлөөлөгч вэ?

Сум, баг харьцангуй хүн ам цөөтэй, нэг нэгнээ сайн таньдаг болохоор иргэдтэйгээ дэндүү ойр байдаг даа. Улиралд нэг удаа багийн иргэдтэйгээ уулзаж, санал хүсэлтийг нь сонсож ажилладаг.

Танай сумын хурлын байгууллагын үйл ажиллагаа хир байгаа гэж боддог вэ?

Сайн ажиллаж байгаа. ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга гэсэн хоёрхон хүн ажиллаж байгаа хэдий ч ИТХ-ын хуралдаанаа цаг тухайд нь зохион байгуулах, багийн иргэд нийтийн хурлуудыг хийх гээд бүхий л ажлаа сайн хийдэг. Дээр нь манай сумын ИТХ харьцангуй залуу даргатай учраас маш идэвхтэй сайн ажилладаг шүү.

Төлөөлөгчид тулгамдсан асуудал байдаг уу?

Байлгүй яахав. Иргэд, олон нийтээ төлөөлж байгаа учраас тэдний төлөө, сум орон нутгийнхаа хөгжлийн төлөө хийчихмээр юм олон л байна. Даанч төсөв хөрөнгө нь хязгаартай болохоор бүгдийг шийдэж чаддаггүй. Дээр нь төлөөлөгчийн зардал, төсөв санхүүжилт гэж байдаггүй нь бэрхшээлтэй.

Цөөн хором ярилцаж, сонирхсон асуултанд хариулт өгсөн танд баярлалаа. Амжилт хүсье.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3929
2726 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%