ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ГЭХДЭЭ БАС ИДЭВХГҮЙ ТӨЛӨӨЛӨГЧИД БАЙХ ЮМ

2023-06-14

САНТМАРГАЦ СУМЫН ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.ӨНӨРЖАРГАЛ:

Намайг Мөнхийн Өнөржаргал гэдэг.  Энэ жил 53 хүрч байна. Мэргэжил маань лаборант-бага эмч. Сумынхаа хүн эмнэлгийн салбарт олон жил ажилласан. 2008 онд Отгонтэнгэр их сургуулийг мөн төгссөн. 2012-2016 онд сумын Засаг даргын орлогч, 2018-2021 онд сумын Засаг даргаар томилогдон ажилласан. Одоо сумын хурлын байгууллагынхаа нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

-Сумандаа тогтвортой ажиллаж амьдарч байгаа, сумынхаа удирдах албан тушаалыг олон жил хашсан эмэгтэй манлайлагч хүний хувьд хурлын байгууллагад ажиллахад бэрхшээлтэй зүйл байдаг уу?

За бас ч харьцангуй гайгүй шүү, дэм дэмэндээ аль болох зохицуулаад ажиллаж байна. Хамгийн гол нь хурлын байгууллагын санхүүгийн асуудал л хүнд байдаг. Цалингаас өөр зардал бараг байдаггүй. Багахан хэмжээний бензин шатахууны  санхүүжилт нь хаанаа ч хүрэхгүй, төлөөлөгч нар ч тойрогтоо ажиллах төсөв, зардал нь шийдэгдэхгүй байсаар олон жилийг үдэж байна.

-Хөдөөгийн иргэд хурлын байгууллагын талаар ямар ойлголттой байдаг бол?

Манай иргэд хурлын байгууллагыг ИТХ, БИНХ,  Шат шатны сонгуулийг зохион байгуулдаг гэж хардаг. Гэтэл хурлын байгууллага маань сум, багийн нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг шийдвэрлэх, дээд шатны чиг үүргийг биелүүлэхэд ард иргэдийг зохион байгуулж оролцуулдаг.  Зохион байгуулах үндсэн хэлбэр нь хуралдаан байдаг гэдэг бас төдийлөн ойлгодоггүй.

-Хурлын байгууллага иргэдтэй хир ойр ажиллаж байна?

Бид иргэдтэй ойр ажиллахыг хичээж байна. Иргэд, айл өрхөөр ажиллахдаа төрийн байгууллагуудтай холбоотой саналыг авч холбогдох удирдлагад  уламжилж шийдвэрлүүлэхэд анхаардаг. Бусад хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлууд дээр хяналт тавьж ажлыг сайжруулахын төлөө ажилласаар байна.

-Сумын иргэдийн зүгээс хурлаар ямар асуудлуудыг шийдвэрлүүлэхээр  хүсэлт их ирүүлдэг вэ?

Ихэвчлэн газар олголтын асуудал байдаг юм.

-Энэ бүрэн эрхийн хугацаанд хэдэн төлөөлөгч сонгогдсон, хамгийн ахмад, хамгийн залуу төлөөлөгчөө танилцуулна уу?

Манайх 15 төлөөлөгчтэй. Энэ бүрэн эрхийн хугацаанд ер нь залуу талдаа төлөөлөгч нар сонгогдсон. Хамгийн ахмад төлөөлөгч нь Балжиннямын Баттулга. Тэрээр 53 настай, 2 дахь удаагаа Баяндавс багаас сонгогдсон. Найман жил багийн Засаг даргаар ажилласан хүн. Харин хамгийн залуу нь Батаагийн Бямбадорж, 28 настай. Холбоо багаас анх удаа сонгогдсон.

-Таны хувьд цаашид хурлын байгууллагыг хэрхэн ажиллаасай гэж бодож байна?

Аль ч шатны хурлын ажлын алба нь төлөөлөгч нараа сайн идэвхижүүлж, хурлын хороодоо сайн ажиллуулвал ажлын үр дүн харагдана гэж боддог.

-Төлөөлөгчид хурлын байгууллагын үйл ажиллагаг хир дэмждэг вэ? Төлөөлөгчид хамтарч ажилланаа. Гэхдээ бас идэвхигүй төлөөлөгчид байх юм.  Яах гэж төлөөлөгчөөр сонгогдсоноо мартсан, олон удаа дуудуулдаг, хүнд сурталтай ч юм шиг санагддаг. Өөрийнхөө хувьд ийм төлөөлөгч нарт аль болох төлөөлөгч хүн ямар байх, ямар үүрэгтэйг нь ойлгуулахыг хичээж ажилладаг даа.

-Зав гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

За танай ажлын албаныхан ирж хяналт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласанд талархаж, ажлын амжилт эрүүл энхийг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3928
2725 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%