Өнөөдөр “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Завхан аймагт нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолыг Нутгийн удирдлагын өмнөх талбайд хийж, аймгийн ИТХ-ын дарга Н.Тамир нээж үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ 2017 оноос эхлэн энэхүү аяныг тогтвортой, тууштай зохион байгуулж байгаа Улсын гуравдугаар эмнэлэг, ХААН банк сан болон МҮОНРТ-ийн хамт олонд Завхан нутгийнхаа иргэдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашид аймгаараа, улсаараа эрүүл байхын тулд илүү идэвхтэй хамтран ажиллахыг хүслээ.
Монгол улсын хүн амын дунд цусны эргэлтийн эрхтэн тогтолцооны өвчин тэр дундаа зүрх судасны өвчлөл тэргүүлсээр байгаа. Гэхдээ 2022 оны статистик мэдээгээр энэ төрлийн өвлөлийн тоо буурч 4-т эрэмбэлдэгдэж байгаа нь иргэд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхийн ач тусыг ойлгож, эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд сайн хамрагдаж эхэлсэнтэй холбоотой юм.
Аян аймгийн төв талбайд хоёр хоног үргэлжлэх бөгөөд зүрх судас, эрхтэн тогтолцооны нарийн мэргэжлийн олон эмч нар ажиллаж байна.
Иймд урт насалж, чанартай амьдрахын ач тусыг ойлгон идэвхтэй хамрагдахыг иргэддээ уриалж байна.