Та бүхэнд намрын дунд цагаагчин тахиа сарын шинийн 15-ны тэргэл саран гийх гэгээн тунгалаг өглөөний мэндийг айлтган мэндчилъя.
ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн нь 2021 оноос “Хошуу нутаг судлал” цувралыг эхлүүлсэн байх бөгөөд түүний 8 дахь удаагийн хурал өнөөдөр манай аймагт “Засагт хан аймгийн Сартуул сэцэн засгийн хошуу: Түүх, соёл” агуулгын хүрээнд зохион байгуулагдаж байна.
“Хошуу нутаг судлал” цуврал нь XVIII-XX зууны Монголын засаг захиргааны гол нэгж болсон хошуудын түүх, соёлын өвийн талаарх судалгааны сүүлийн үеийн томоохон үр дүнг олон нийт, тэр дундаа орон нутгийн иргэдэд танилцуулах, нийтэд сурталчлах, соён гэгээрүүлэх зорилгын хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төсөлт арга хэмжээ болжээ гэж дүгнэж болох юм.
Түүхэн сөхвөл: Засагт хан аймгийн Сэцэн засгийн хошууны хүн амыг Сартуул хэмээх угсаатны бүлэг бүрдүүлнэ. Өдгөө Завхан аймгийн Дөрвөлжин, Завханмандал, Сантмаргаз, Сонгино, Ургамал, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Яруу, Увс аймгийн Завхан сумд бүгдээр, Завхан аймгийн Алдархаан сумын хоёр баг, Түдэвтэй сумын нэг баг тус тус оршин амьдарч байна. Сартуул хэмээх угсаатны бүлгийг Монголжсон харь овог хэмээн үзэх хандлага нэлээн зонхилж байсан. Харин сүүлийн жилүүдэд “Монголын нууц товчоо”-ны харилцан адилгүй эхүүд болон хөрвүүлэг, галиг зэрэгт тулгуурлан Мэргэдийн ханлигт багтах Удуйд мэргэдэд Сартагчин хэмээх отог байж, тэр нь яваандаа Сартуул хэмээх угсаатны бүлгийг үүсгэсэн тухай судлан бичих болсон тэргүүтнийг зухас дурдаад энэ тухайд судлаачид цааш өгүүлэхийн учир орхиё.
Орчин цагийн Монголын түүхийн он тооллоор авч үзвэл шинэ үеийн улсын ууган дөрвөн аймгийн нэг Завхан аймаг нь түүх, ахуй соёл, тус газар оронд ажиллаж, амьдарч асан хүн зоны амьдрал, үйл хэргийг тодруулах, тухайн бүс нутгийг шинжлэх ухааны судалгааны эргэлтэд оруулах, түүх-соёлыг судлан мэдэж, нийтийн хүртээлд хүргэх тэргүүтэнд онцгойлон анхаарч ажиллаж байна. Түүн лүгээ “Засагт хан аймгийн Сартуул сэцэн засгийн хошуу: Түүх, соёл” эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэгдэх илтгэлийн сэдвийн агуулга, эрдэмтэн, судлаачдын оролцоо нь нэлээдгүй асуудлыг хөндсөн, зарим зүйлийг тодруулж, хариулт өгсөн, цаашид гүнзгийрүүлэн судалбал зохилтой асуудлыг хөндсөн тэргүүтэн шинэ соргог бүхнээр дүүрэн хурал болно гэдэгт огтхон чэргэлзэхгүй байна аа.
“Засагт хан аймгийн Сартуул сэцэн засгийн хошуу: Түүх, соёл” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахад хамтран ажиллаж буй ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн болон бусад хамтрагч байгуулага, дэмжин тусалж буй хувь хувь, албан байгууллага, эрдэм судлалын ажлаа хэлэлцүүлэхээр хүрэлцэн ирсэн эрдэмтэн, судлаачид Та бүхэндээ аймгийн ИТХ, Завхан аймгийн нийт нутгийн захиргааны байгууллагын нэрийн өмнөөс баярласан, талархсанаа илэрхийлье.
“Хошуу нутаг судлал” цувралын хүрээнд зохион байгуулагдаж буй 8 дахь удаагийн хурал болох “Засагт хан аймгийн Сартуул сэцэн засгийн хошуу: Түүх, соёл” эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаа ийнхүү эхэлж байна. Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье. Номын цагаан буян орштугай.