“ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХ” САРЫН АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Завхан аймаг дахь Төрийн аудитын газар, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, Оюунлаг таны туслагч ТББ хамтран Аймгийн төрийн байгууллага, орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн төсөв санхүүгийн үйл ажиллагааг ил тод болгох, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилго бүхий “ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХ” сарын аяныг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 16-нийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна. Тус аяны нээлтийн үйл ажиллагаа 2023 оны 10 сарын 17-ны 09:00 цагт зохион байгуулагдлаа. Аяны нээлтэд Шилэн дансны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д хамаарах байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, албан хаагчид онлайнаар оролцов.
Аймгийн ИТХ-ын дарга Н.Тамир аяны үйл ажиллагааг нээж үг хэллээ. Мөн ажлын хэсгийн ахлагч, аймгийн ИТХ-ын Хууль эрх зүй, хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Г.Амарсайхан сарын аяны удирдамжийг танилцуулан, ажлын хэсгийн гишүүд Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга Б.Чадраабал, Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Д.Пүүжмаа, Оюунлаг таны туслагч ТББ-ын тэргүүн Д.Оюунгэрэл нар аяны хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагаа болон аяныг дүгнэх шалгуур үзүүлэлтийн талаар тус тус мэдээлэл өгөв.