Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Монгол Улс, Оросын Холбооны Улс, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн (ТУХН) орнууд дахь хүндэт төлөөлөгч, Бүгд Найрамдах Халимаг Улсын Шажин лам, Дилав хутагт Данзанламэд гэгээнтэнд эсэн энх, өлмий бат оршихын ерөөл /даншиг/ өргөх шашин, номын буянт үйл, ёслол хүндэтгэлийг нээж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Санжсүрэн, “Хоёр их хутагт” ой тэмдэглэх ажлын ахлагч, Завхан аймгийн Засаг даргын орлогч Ц.Улам-Оргих нар мэндчилгээ дэвшүүлж, талархал илэрхийлэв.
Гэгээн саруул өргөөнөө морилон ирж, тухлан саатсан цугаар олны сонорыг мялааж Х.Билэгжаргалын нэрэмжит Хөгжим бүжгийн коллежийн Хөгжим ангийн авьяаслаг сурагчид Морин хуурын ая эгшиглүүлж, МУ-ын тэргүүний ардын авьяастан Ц.Сүхбат, Морин хуурч МУСТА Б.Батбаяр нар ая дууны мэндчилгээ дэвшүүлэв. Мөн “Дамжлага төгс Дилов багш минь” хэмээх дууны үгийг Төгс буянт жавхлан хийдийн лам Б.Дашдорж, аялгууг МУСТА Б.Эрдэнцогт зохиож дуучин Ж.Ганхуяг олны хүртээл болгов. Ийнхүү Данзанламэд Гэгээнтэнд Бат Оршил өргөх үйл ажиллагаа ёслол төгөлдөр болж төгсгөлд нь Дилов хутагд Данзанламэд нийт сүсэгтэн олон, лам хуврагуудад айлдвар айлдаж адис хүртээж үйл ажиллагаа өндөрлөлөө.