Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны 100 жилийн ойн баярт зориулсан “Үндэсний бөх”-ийн барилдааныг өнөөдөр /2024.11.24/ аймгийн Спортын төв ордонд зохион байгууллаа.
Бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан Н.Батсайхан тэргүүтэй аймгийн харцага, аймгийн начин гурав, сумын цолтон 12, залуу бөхчүүд гээд нийт 64 бөх зодоглож, уран мэхийг уралдуулан барилдав.
Бөхийн барилдааны нээлтэд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, Засаг даргын орлогч Э.Уртнасан нар оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Мөн үзүүр, түрүүнд шалгарсан бөхчүүдийн шагналыг гардуулж баяр хүргэв.
Их шөвөгт аймгийн арслан Н.Батсайхан, аймгийн харцага, Д.Бейбит, аймгийн начин н.Адилбек, сумын заан н.Гантулга нар шалгарав.
Үүнээс Буянт сумын харьяат, аймгийн арслан Н.Батсайхан түрүүлж, Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын харьяат, аймгийн харцага Д.Бейбит үзүүрлэлээ.
Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, БТСГ, Үндэсний бөхийн холбоо хамтран зохион байгуулсан тус барилдааны гарын даагаар Д.Авирмэд, Н.Ирэхзаяа, Хөлийн цэцээр аймгийн арслан Ганхуяг, Батмөнх, тайлбарлагчаар Б.Даваасүрэн, засуулаар аймгийн ахлах цолчин засуул Б.Өлзийжаргал, С.Ихбаяр, аймгийн засуул С.Алтанбаяр, аймгийн дэд засуул Н.Нэргүй, Ж.Жамъяншарав нар ажиллав.