Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 сарын 02-ны өдрийн 95 дугаар тогтоолоор Жалханз хутагт Ц.Дамдинбазарын мэндэлсний 150 жилийн ой, Дилов хутагт Б.Жамсранжавын мэндэлсний 140 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай, 2024 оны 07 сарын 25-ны өдрийн 112 дугаар тогтоолоор “Аймгийн төв талбайг Монгол Улсын Ерөнхий сайд, Жалханз хутагт Ц.Дамдинбазарын нэрэмжит болгох тухай” тогтоолууд тус тус батлагдан гарсан.
Дээрх тогтоолуудын хүрээнд Жалханз хутагт Цэдэнсодномын Дамдинбазарын хөшөөг аймгийн төв талбайд залах төслийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн П.Батсайхан санаачилж, орон нутгийн болон, хандив тусламжаар бүтээж хөшөөний баримлыг Төрийн соёрхолт, уран барималч Л.Ганхуяг урлан бүтээлээ.
Ц.Дамдинбазар нь 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг оройлон удирдагчдын нэг, Баруун хязгаарыг тохинуулагч сайд, Гадаад, дотоод хэргийг зохицуулагч сайд, Богдын Засгийн газрын ерөнхий сайд, Ардын засгийн газрын анхны ерөнхий сайдаар ажилласан Монголын ард түмэн тусгаар тогтнолын төлөөх үйл хэрэгт гавьяа байгуулсан төр, шашны зүтгэлтэн юм.
Хөшөөний нээлтэд УИХ-ын гишүүн Б.Түвшин, аймгийн ИТХ-ын дарга Б.Санжсүрэн, Засаг дарга Г.Өнөрбаяр, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, албан байгууллагын удирдлагууд, лам хуврагууд, ард иргэд, нутгийн зон олон оролцон хүндэтгэл үзүүлэв.
Тэргүүндээ залсан алтан очир нь зэрэг зиндааг илэрхийлсэн, хувцас нь Монгол төрийн тэргүүн зэргийн түшмэлийн төрийн ёслолын хувцас юм. Эрхийг хутагтууд зүүнэ. Мөн эрхиний толгойг дээш харуулсан нь энх мөнх, сайн сайхан явахыг билэгдсэн байна. Баруун гар нь та бүхний өгсөн хүндэтгэлийг хүлээн авч номын хүчээр хувь тавиланг тань дааж явах, зүүн гар нь Монгол төрийн ерөнхий сайдынхаа тамгыг түшиж, ард талд нь “Шашин маш тунгалаг” гэж бичсэн нь “Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэсэн утгыг агуулжээ.
Ц.Дамдинбазар нь Монгол улсын тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгчдийн нэг учраас цагийг билэгдэж оруулсан байна. Хөшөөний тамганы хажууд байх цаг нь 12:29 минутыг зааж байгаа. Чандманы ард талд XX гэсэн ромбо тоо бий, цагны урд талын савлуур дээр 11 гэсэн тоо бий. Үүний учрыг тайлбарлаваас 20-р зууны цагаагчин гахай жилийн 1911 оны 12 сарын 29-ны өдөр Монгол Улсын тусгаар тогтнолыг зарлан тунхагласан өдрийн утгыг харуулсан байна.
Баримтгаа дэлгэсэн судар нь Монгол орны ирээдүйн сайн сайхан тусгаар тогтнолыг байнгын номын хүчээр засаж явна гэсэн билэгдэлтэй. Ар хэсэгт Отготэнгэр хайрхны мөнх цаст оргилыг дүрсэлжээ.
Баруун талын хэсэгт заан бий. Заан бол заан бол төрийн амар амгалан хүчирхэг байхыг билэгдэл, зүүн талд хийморийн морь байрлуулсан байна. Арын хэсэгт эвтэй дөрвөн амьтан, мөн арслан барс байгаа. Гол хэсэгт энх цагийн билэгдэл өлзий хээтэй, доороо энх цагийн эгшиглэнгийн билэгдэл болсон хөгжмийн зэмсгээр хүндэтгэл үзүүлсэн байна. Ц.Дамдинбазар нь 5 ухаанд мэргэшсэн, оюунлаг сэхээтэн, шашны том зүтгэлтэн байсныг илэрхийлж, хүндэтгэн уран баримлын суурийн хэсгийг сонгодог эх загвараар цул боржигин чулуун суурьтай зуунаас зуунд дамжин үлдэх материалаар, Монголын ард түмэн тусгаар тогтнолын төлөө гүйцэтгэсэн их гавъяаг хүндэтгэж энэхүү хөшөөг бүтээжээ.