ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

“ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ЧАДАВХИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗАРИМ АСУУДАЛ”

2014-11-29

Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэгээс Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нутгийн захиргааны байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэх зарим асуудал” зөвлөгөөнийг 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 09.00-17.00 цагт Нийслэлийн Хангарьд ордны 14 давхрын Хуралдааны их танхимд зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд Монгол Улсын Хууль зүйн яам, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Замын цагдаагийн газар хамтран зохион байгуулагчаар, НИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөл, Монголын Сурагчдын Холбоо дэмжин оролцсон бөгөөд Нийслэл, дүүргүүдийн Засаг дарга, түүний Тамгын газар, хэлтэс албадууд, хороод, хороодын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүдийн дарга нар нийт 105 хүн хамрагдлаа.

Өнгөрсөн сард Нутгийн удирдлагын байгууллагууд буюу Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагуудыг оролцуулж, иргэд, олон нийтийн байгууллагуудыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хэрхэн татан оролцуулах, тэдэнтэй хэрхэн хамтран ажиллах талаар зөвлөлдсөн бол энэ удаад нутгийн захиргааны байгууллагууд буюу Нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, агентлаг, хороодыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаа, олон нийтийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах талаар саналууд гаргаж, зөвлөлдсөн зөвлөгөөн боллоо.

Тус зөвлөгөөнд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж буй эрх зүйн шинэчлэлийн асуудал” сэдвээр Монгол Улсын Хууль зүйн яамны хуулийн хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Раднаабазар илтгэл тавьж, илтгэлийн хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг явууллаа.

Оролцогчдын зүгээс согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төсөлд согтууруулахундааг хэрэглэх биш согтууруулах ундааг уух гэж тодорхой тусгах, архины тусгай зөвшөөрөл олгох, сунгах гэж заасан байгаа боловч хяналт шалгалт хийх, цуцлах талаар тусгаагүй байгаа, шөнийн 4 цаг хүртэл үйлчилгээ үзүүлнэ гэж оруулсанаар төрийн байгууллагын хяналт сулрах тул цагийн зохицуулалт дээр анхаарч өгнө үү,  архи зардаггүй өдөр соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах талаар саналуудыг хэлж байлаа.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлд 11.1-д салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд бүх шатны засаг дарга гэж оруулах, гэмт хэрэг багасах тусам санхүүжилт багасахаар заалт орсон байна гэж харагдаж байна, камержуулалтын нэгдсэн хяналтыг дүүрэг, хороонд шилжүүлэх боломж бий эсэх, 24.1 дэх заалт 26.1 дэх заалттай зөрчилдөж байгаа тухай, аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгийг авч хамтарч ажиллах нь илүү үр дүн өгнө зэрэг саналуудыг хэллээ.

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа К.Женисгүл болон Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Э.Бөхбат нар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нутгийн захиргааны байгууллагуудтай хамтарч ажиллах ажлын чиглэлүүд сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, тодорхой бодит үр дүнд хүрэхүйц ажлын саналыг авлаа.

Мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд амжилттай хэрэгжиж байгаа “School police” төслийн танилцуулга, мөн Цагдаагийн тухай хуулийн хүрээнд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа нийслэлийн Иргэний зөвлөлийн ажлын танилцуулгууд хийгдлээ.

Монголын Сурагчдын холбооноос School police арга хэмжээнд идэвхтэй оролцсон эцэг эхчүүдийг 3 сар эсвэл 6 сард нэг удаа урамшуулж байх, хувий сургуулиудыг School police-д хамруулах, сайн гэр бүл, сайн аав, сайн ээж арга хэмжээ зохион байгуулж, урамшуулах тал дээр тусалж дэмжихийг санал болгож, оролцогчид дэмжлээ.

Дүүрэг, хороод анхан шатны нэгж дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж, гэмт хэргийн гаралтыг бууруулахад тодорхой үр дүнд хүрсэн бодитой ажлуудаасаа дүүргүүдийн төлөөллүүд танилцуулж, бусад дүүрэгт хэрэгжүүлж болох гарцыг танилцууллаа.

Дүүргүүд дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрсэн бодитой ажлуудаас Чингэлтэй дүүргийн “Хөдөлгөөнт пост”, “Санал авах үнэгүй утас”, Сонгинохайрхан дүүргийн “Архигүй баасан гариг”, “Сүүтэй бялуутай үдэш”, Баянзүрх дүүрэгт камерын нэгдсэн хяналтын төв байгуулсан болон Баянгол дүүргээс гаргадаг улирал тутмын “Сэргийлэгч” сэтгүүл зэрэг нь бусад дүүрэгт үлгэр дууриал болохуйц сайн туршлага байлаа. Мөн гарын доорхи материал буюу кетчупны улаан сав ашиглан, эргүүлийн ханцуйны тэмдэг хийж хэрэглэж байгаа Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны туршлага ч мөн сонирхолтой байлаа.


Тус зөвлөгөөн нь нийслэл, дүүрэг хороод 2014 онд нийслэл, дүүрэг хороодод гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдсэн үр дүнтэй ажлуудаа дүгнэж, хэлэлцсэн, цаашид 2015 онд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн, нутгийн захиргааны байгууллагууд, цагдаагийн байгууллага, олон нийтийн байгууллагуудын хамтын ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлсон, хоорондын ажлын уялдаа холбоог хангасан, дүүрэг хороод өөр хоорондоо туршлагаа солилцсон, санал санаачилга өрнүүлсэн, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хуулийн төсөлд саналаа оруулсан үр дүнтэй томоохон ажил боллоо гэж үзэж байна.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4728
3350 / 71%
868 / 18%
248 / 5%
262 / 6%