ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

АМЬДРАХ СУУЦТАЙ БОЛОХ ЯМАР БОЛОМЖУУД БАЙНА?

2015-06-01

АМЬДРАХ СУУЦТАЙ БОЛОХ ЯМАР БОЛОМЖУУД БАЙНА?

Хүн амынх нь тал орчим хувь нь нийслэл хотдоо төвлөрдөг Монгол улсын хувьд жирийн нэг иргэн орон сууцтай болох гэдэг том асуудал. Өнөөдрийн байдлаар маш олон залуучууд, гэр бүлүүд орон сууц түрээслэн амьдарч байна. Улс болон нийслэлээс ард иргэдээ орон сууцтай болгох зорилтот арга хэмжээ авсаар буй. Тэгвэл бидэнд ямар боломжууд байна вэ? 

ИПОТЕКИЙН ЗЭЭЛ 
Манай улсад 8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийг анх 2013 оны зургаадугаар сараас олгож эхэлсэн. Түүнээс өмнө 6 хувийн хүүтэй ипотекийн зээл  хойш зээлд хамрагдсан иргэдийн тоо 30 мянгаас 69 мянгад хүрчээ. Зээлд хамрагдсан иргэдийн 70 хувь нь 35-аас доош насныхан байна. Цаашид ч уг зээлд хамрагдаж орон сууцтай болох иргэдийн хүсэлт их байна.
Та уг зээлд хамрагдах хүсэлтэй байгаа бол банкнаас хэдэн төгрөгний зээл авах боломжтойгоо тооцоолуулсны дараа байраа сонгоод бичиг баримтаа банканд бүрдүүлж өгнө. Зээлийн нөхцөл нь урдчилгаа төлбөрийн хэмжээ 30 хувь, зээлийн хугацаа 20 хүртэл жил байх бөгөөд орон сууцны талбайн нийт хэмжээ 80 м2-аас дээшгүй байна.
Зээлдэгчид тавигдах шаардлагууд:

  • Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн байх
  • Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өргүй байх
  • Өрхийн гишүүний аль нэг нь “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам” болон “Иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журам”-ын дагуу авсан орон сууцны зээлгүй байх
  • Сүүлийн нэг жил байгууллагадаа тогтвор суурьшилтай ажилласан байх
  • Хувиараа бизнес эрхлэгчийн хувьд 2-оос доошгүй жил тогтмол үйл ажиллагаа эрхэлсэн байх
  • Зээлийн хугацаанд амь насны даатгалд даатгуулах
  • Зээлдэгчийн өрхийн татварын өмнөх орлогын 45 хувь нь зээлийн сарын төлбөрт хүрэлцэхүйц байх
Одоогоор ипотекийн зээлийг 20 жилийн хугацаатай олгож байгаа. Тэгвэл зээлийн хугацааг сунгаж 30 жил болгох талаар яригдаж байна. Хугацааг уртасгаснаар иргэд сар бүр зээлийн өндөр төлбөр ногдуулах дарамтыг багасгахаас гадна зээлээ хугацаандаа төлөхөд хөшүүрэг болох, дундаж орлоготой иргэдийн амьжиргаанд чухал нөлөө үзүүлэх сайн талуудтай. Мөн 80-аас дээш ам.метр байрыг арилжааны банкны хүүгээр бодож зээлд хамруулах тухай ярьж байна.
 
ТӨРИЙН АЛБАН ХААГЧ
НИТХ-аас төрийн албан хаагчдад орон сууцын урьдчилгаа төлбөрийн 50 хүртлэх хувийг нэг удаа буцалтгүй тусламжаар өгч дэмжихээр болсон. Нийслэлийн харьяа төрийн албанд ажиллаж байгаа албан хаагч орон сууц худалдан авах бол урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 50 хувиа өөрөө хариуцах боломжтой бол тодорхой шалгуурын дагуу ур чадвар, ажилласан жилийг харгалзан урьдчилгаа төлбөрийн 50 хувийг нэг удаа буцалтгүй тусламжаар олгоно.

Ингэхдээ төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх шаардлагыг мөрдлөг болгох бөгөөд банк төрийн албан хаагчийн материалыг хүлээн авсны дараа сан дээр төвлөрүүлж байгаа аж. Орон сууцны талбайн хэмжээг үнийн дүнгээр хэмжинэ. Мөн худалдан авах байрууд нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй барилгууд байх ёстой гэсэн шаардлага бий.

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ
Бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах таатай мэдээллүүд олон нийтэд хүрсээр байгаа билээ. Улаанбаатар хотод 40 мянга гаруй иргэн орон сууц түрээслэн амьдарч байна гэсэн судалгаа байдаг. Тухайн орон сууцны байршил, зэрэглэлээс хамаарч 1 өрөө байрыг 400-500.000, 2 өрөө байрыг 500-750,000 төгрөгөөр түрээслэж байна. Иргэдийн орон сууц худалдан авах чадвараас хамаараад орон сууц түрээслэгчдийн тоо өсөн нэмэгдэж байгаа боловч түрээсийн орон сууцны хүрэлцээ хомс, үнэ өндөр байна. Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд 2016 он хүртэл жил бүр 1000 айлын түрээсийн орон сууцыг, 2017-2020 онуудад жил бүр 2000 айлын түрээсийн орон сууцыг төрөөс нийлүүлэхээр тусгагдсан байдаг.
Энэ зорилт, хэрэгцээнд үндэслэн Ахмадын орон сууцны хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж “Ахмадын хотхон”-1 ОНӨААТҮГ-ыг байгуулан 300 өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг зах зээлийн үнээс 3-4 дахин хямд буюу 75-150.000 төгрөгийн түрээсийн орон сууцанд хамруулсан билээ.
2014 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 396 айлын түрээсийн орон сууцыг ашиглалтад оруулсан бол энэ онд Ипотекийн зээлд хамрагдах боломжгүй иргэдэд зориулж 1300 айлын түрээсийн орон сууцыг бариулах ажлыг эхлүүлсэн.
Түрээсийн орон сууцанд амьдрах иргэдийн сард төлөх түрээсийг өрхийн сарын дундаж орлогын 45 хувиас хоёр дахин багаар тооцож, урт хугацааны туршид амьдрах боломжийг бүрдүүлж өгөх юм. Энэхүү түрээсийн орон сууц хөтөлбөрийн ажлыг 2015-2016 онд хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн хүрээнд нийслэлд 800 айлын орон сууц, аймгийн төвүүдэд 60-аас доошгүй айлын түрээсийн орон сууцыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр барьж ашиглалтад оруулах аж.

НОСК БУЮУ ОРОН СУУЦТАЙ БОЛОХ НЭГ АЛХАМ 
Энэ чиглэл нь өмнө нь болон одоо төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрөөс илүү уян хатан нөхцөлийг иргэдэд санал болгож байгаагаараа онцлог. Нийслэлийн орон сууцны корпорци /НОСК/ байгуулах бөгөөд орон сууцны урьдчилгаа 20-30 хувийг бэлнээр төлөх боломжгүй иргэдэд зориулсан үйлчилгээ юм. Тодорхой орлоготой /цалин/ иргэн өөрийн орлогоосоо 3-5 жилийн хугацаатай авах байрнаасаа хамаарч сар бүр тогтмол мөнгийг НОСК-т төвлөрүүлж урьдчилгаа мөнгөө бүрдүүлнэ. Сар бүр 50.0, 100.0, 500.0, нэг, хоёр саяар нь ч бай өөрсдийн боломжоор төлөөд байх боломжтой. Ингэсээр байрныхаа 30 хувийг урьдчилгаагаа бүрдүүлсэн тохиолдолд тэр үедээ гэрээгээ хийгээд, моргейжийн зээлд хамрагдаж байрандаа орно гэсэн үг. Байрныхаа урьдчилгаа 30 хувийг заавал төдий хугацаанд багтааж төл гэсэн шаардлага байхгүй. Заавал сар болгон мөнгө төлөх ч шаардлагагүй. Мөнгө олдсон даруйдаа орон сууцны санд тушаагаад байсан ч болох бөгөөд тэр мөнгөөр таны амьдрах орон сууцны нэг булан босч байна гэсэн үг. НОСК-ийн орон сууцнаас авах залуу гэр бүлд тавигдах хамгийн том шалгуур нь ердөө албан ёсны гэр бүл байх ёстой.
Сингапур, Солонгос улсад энэ жишгээр иргэдийг орон сууцжуулдаг бөгөөд урт хугацаанд хэрэгжүүлсэн байдаг. Учир нь тус улс иргэдээсээ газар их хэмжээний мөнгөөр худалдаж авахаас өөр боломж байхгүй байсан учраас санхүү, хугацааны хувьд хүндрэл гарсан байна. Харин Улаанбаатарын хувьд өөрийн өмчийн газар дээр шинэ суурьшлийн бүс тогтоож, орон сууцны хороолол босгох нь нэг давуу тал болж байгаа юм. Орон сууцны хорооллууд баригдаж нийлүүлэлт нэмэгдсэнээр үнийн хөөрөгдөлтэй байгаа орон сууцны зах зээлийн үнийг бууруулж, цаашид тогтвортой, бодит үнээр иргэдийг хангах боломж бүрдэнэ.

АМИНЫ ОРОН СУУЦ хөтөлбөр 
Иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулж, газар ашиглалтыг сайжруулах, газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй амины орон сууц голлосон хороолол болгон хөгжүүлэх, иргэдийн амьдрах орчинг сайжруулах зорилготой. Гэр хорооллын нутаг дэвсгэрийн 4,157.6 га буюу 89,5 хувийг гэр, хашааны газар эзэлж, нийгмийн үйлчилгээний зориулалтын барилга байгууламжийн газар 256,3 га буюу 5,5 хувийг эзэлж байна. Үүнийг орон сууцны хороололтой харьцуулбал дөрөв дахин бага бөгөөд дэд бүтцийн барилга байгууламжийн газар 4,8 га талбайг эзэлж байна.
Гэр хороололд амьдардаг ихэнх иргэд нь тухайн хашааныхаа газрын өмчлөгч, эзэмшигч нь байдаг. Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн гэр хорооллын 133,65 га нутаг дэвсгэрт хийсэн судалгаагаар 84,48 га газар буюу 63,2 хувь нь өмчлөл, эзэмшлийн сул талбай байна. Энэ ажлыг хэрэгжүүлэхээр “Нийслэлийн Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ-ыг байгуулсан юм. Тус газар нь 2013 онд 22,214  иргэний хүсэлтийг хүлээн авч дүгнэж үзэхэд 72 хувь нь өөрийн өмчлөл, эзэмшлийн газар дээр амины орон сууц барин, инженерийн шугам сүлжээнд холбогдох хүсэлтэй байна гэсэн бөгөөд энэ тоо одоо ч нэг их өөрчлөгдсөнгүй.  Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны голлох зорилт буюу дэд бүтэц нь шийдэгдсэн амины тохилог орон сууцтай болгох ажлыг иргэдийн санаачилга, оролцоотойгоор эхлүүлэн хэрэгжүүлж байна. Та ч мөн өөрийн өмчлөл, эзэмшлийн газар дээр амины орон сууц барин, инженерийн шугам сүлжээнд холбогдох хүсэлтэй байгаа бол энэ талаар судлаад үзээрэй.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4728
3350 / 71%
868 / 18%
248 / 5%
262 / 6%