И.Цогзолмаа: 220 мкв хашааны газраа, 198 мкв үйлчилгээний талбай болон 2 өрөө байраар сольсон
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан эхний ээлжийн 168 айлын орон сууц өнгөрсөн оны 11 дүгээр сард ашиглалтад орсон. Тус орон сууц нь СХД-ийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байдаг бөгөөд Ханын материалын эцэс орчмын 13 аж ахуй нэгжийн хашаа байшинг чөлөөлж дахин төлөвлөлтийн ажлыг хийсэн аж. Ингэхдээ дээрх аж ахуй нэгжүүд шинээр ашиглалтад орсон байрны нэг давхрын үйлчилгээний талбайгаас өмнө нь эзэмшиж байсан хашааны мкв-тай тэнцэхүйц хэмжээтэй талбай гаргуулж авахаар төсөл хэрэгжүүлэгч компанитай тохиролцжээ. Харилцан тохиролцсоны дагуу дээрх 13 аж ахуй нэгж үйлчилгээний талбайгаа бүрэн ашиглаж өнөөдөр үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа юм. Тэдгээр аж ахуй нэгжүүдийн төлөөлөл, тус хорооны иргэн И.Цогзолмаатай ярилцлаа.
Дахин төлөвлөлтийн газарт орохоос өмнө таны эзэмшиж байсан хашааны хэмжээ ямар байсан бэ? Ямар хэмжээний үйлчилгээний талбайгаар газраа солив?
Манайх өмнө нь 220 мкв талбай бүхий хашаа эзэмшдэг, тэндээ худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан юм. 2013 оны тавдугаар сард гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд манайх газарт орж хашаагаачөлөөлж өгөхөөр төсөл хэрэгжүүлэгч компанитай тохиролцсон. Шинэ байр ашиглалтад орсоны дараа үйлчилгээний эрхлэх талбай гаргуулж авахаар тохиролцсон хэдий ч эхэн үедээ эргэлзэж тээнэгэлзэх үе гарч л байсан. Харин орон сууц ашиглалтад орсоны дараа 198 мкв үйлчилгээний талбай үнэ төлбөргүй гаргуулж, өнөөдөр үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна. Мөн дахин төлөвлөлтөөр баригдсан энэ орон сууцанд 48 мкв хоёр өрөө шинэбайранд орсон. Ажил үйлчилгээгээ эрхлэхэд тохилог орчин, амьдрахад тав тухтай байр хоёр маань нэг дороо болсон болохоор сэтгэл хангалуун байна.
Барилгын ажил явагдаж байх хугацаанд танайх хаана амьдарч байв? Мөн таны эрхэлж байсан худалдаа, үйлчилгээ зогссон байх. Энэ бүхнийг яаж зохицуулж байсан бэ?
Эндээс холгүй газарт манайх хоёр өрөө байртай байсан учраас амьдрах байр сууцны тал дээр санаа зовох зүйлгүй байсан. Харин амьжиргаа залгуулж байсан худалдаа үйлчилгээгээ цаашид үргэлжлүүлэхийн тулд өөр газар олж түрээслэх шаардлага тулгарсан. Гэхдээ тэр асуудал нэг их удаан үргэлжлээгүй ээ. Барилгын ажил үндсэндээ нэг жил хагас орчим л явагдсан. Нэг л мэдэхэд шинэ байранд, шинэ орчинд үйлчилгээгээ явуулах боломж бүрдсэн байсан. Тиймээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг сэтгэл зүрхээрээ дэмжиж явдаг хүмүүсийн нэг нь би болсон шүү