ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

МОД ТАРИНА ГЭДЭГ НЬ ХОББИ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ ИРГЭН ХҮНИЙ ҮҮРЭГ БОЛСОН ЦАГ...

2015-06-01

Мод тарина гэдэг нь хобби гэхээсээ илүү иргэн хүний үүрэг болсон цаг...
Өмнөх дугаарынхаа “Бүтээлч Монгол” буланд бид СХД-ийн аж ахуйч нэгэн өрхийн ахуй амьдралыг онцлон танилцуулсан. Тэгвэл энэ удаагийнхаа дугаарынхаа “Бүтээлч Монгол” булангаар амьдралаас суралцсан экологич мэргэжилтэй СБД-ийн 16-р хорооны иргэн Ч.Эрдэнэчулууны сонирхолтой туршилтуудын үрээр бий болсон лабартори хашаагаар зочилсон юм.
 
Ч.Эрдэнэчулууны лабарториориор зочилсон хэн бүхэнд мэдвэл зохих нэг зүйл бий.
Тодруулбал зүлэг, ширэг, бут сөөгийг хэрхэвч гишгэж болохгүй зөвхөн явган хүнд зориулсан замаар алхана гэсэн энгийн бөгөөд биелүүлэхэд ээдрээтэй дүрэм юм. Ээдрээтэй гэдгийг дэлгэн тайлбарлахын тулд эхлээд лабартори бүрэлдэн тогтоход нөлөө үзүүлж байгаа дотоод хүчин зүйлүүдийн талаар дурьдах нь зүйтэй болов уу. Үе үехэн салхи хуйсаганахад тоосрон хуйлрах шороотой гудмаар алхаж байгаад тэдний хашаагаар ормогц ойн цоорхойд ороод ирвүү гэлтэй орчин биднийг угтсан юм. Салхины аясаар намуухан шуугих модны чимээ, дөлгөөхөн мяралзах хиймэл цөөрөм, түүний мандал дээр хосоор хөвөр бор нугас зэргийг харсан хэнд ч болов тийм л сэтгэгдэл төрнө. Энэ бүгдийг нүдээр үзсэн хэн ч байсан өөрийн эрхгүй анхаарал сарниж нэг л мэдэхэд дотоод журам зөрчиж замаас хадууран гарснаа мэдэрнэ. Тиймээс энгийн мөртлөө биелүүлэхэд ээдрээтэй дүрэм гэж нэрлэж байгаа юм.

Ч.Эрдэнэчулуун ОХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг 1980 онд төгссөн бөгөөд 1990 он хүртэл Гадаад хэргийн яаманд ажиллаж байсан. Европын зарим орнуудаар болон АНУ-аар ажлын шугамаар явж байжээ. Хамгийн сүүлд Швед улсад ажиллаж байсан нь түүнд хашаандаа эко орчин бүрдүүлж илүү сонирхолтой амьдрах санааг төрүүлсэн байна. Учир нь Швед улс нь ногоон байгууламж, байгаль экологийн тал дээр хэрэгжүүлдэг бодлогоороо дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлдэг аж. Тэднийх 2 хүү, 3 охинтой бөгөөд хүүхдүүд нь бүгд биеэ дааж тус тусын амьдралтай болсон учраас одоо өөрийн эхнэр А.Ариунаагийн хамт амьдарч байна.

Эхнэр А.Ариунаагийн хувьд мод боловсруулах инженер мэргэжилтэй. Мэргэжлийн чиглэлийн дагуу төмөр замд байралдаг байсан Мебелийн үйлдвэрт ажиллаж байжээ. Одоо тэд АНУ-ын “4 life” компанийн гэрээт борлуулагчаар ажилладаг аж. Тэдний хашаанд өмнө нь түүний аав, ээж нь амьдарч байсан бөгөөд 1988 онд Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас цөөн тооны давжаа алимны мод авч ирж суулгаж байсан байна. Харин Ч.Эрдэнэчулууных хотын төвд орон сууцанд амьдарч байгаад 2005 онд одоогийн байгаа хашаандаа шилжин иржээ. Хашаандаа ой байгуулах ажлын гараа нь 2005 оноос эхэлсэн, одоогоор гацуур, хуш, шинэс, алим, давжаа алим, монгол сакура, үрэл болон интор зэрэг нийт 28 төрлийн модноос түүний хашаан доторхи ой бүрдэж байна. Мэргэжлийн хүмүүс үзээд тэдний ойр орчмын хөрс нь тариалалт хийхэд хамгийн тохиромжгүй гэж дүгнэсэн учраас анхандаа хөрсөө сайжруулах ажил зохион байгуулж үржил шимтэй хар хөрс шилжүүлэн авч ирсэн байна. Үүний хажуугаар хашаан доторхи чулуу түүх ярвигтай ажлыг ч мөн шантралгүй хийсэн аж. Тиймээс олон жилийн шаргуй хөдөлмөрийн үрээр өнөөдрийн ой маань бүрдсэн.

Энэ ажлынхаа нөлөөгөөр би өөрөө экологич мэргэжилтэй болсон харин хашаа маань миний туршилтын лабартори гэж тэрээр бахархан ярьсан юм. Туршилтуудынх нь үр дүн жилээс жилд мэдрэгдхийн хэрээр урам авч, улам илүү сонирхолтой амьдрах хүсэл түүнийг эзэмдэж шувуу тэжээх сэдэл төрсөн байна. Тиймээс 2012 оноос шувуу тэжээж эхэлсэн бөгөөд шувуудад таатай нөхцөл бүрэлдүүлэх үүднээс цөөрөм байгуулжээ. Тэднийх сувдан гургуул, цацагт хяруул, бор нугас, ангийн гургуул, тахиа болон тагтаа зэрэг 6 төрлийн нийт 30 орчим шувуутай. Байгаль өөрөө ан амьтан, араатан жигүүртэнтэйгээ шүтэлцээтэй байж, байж цогц болдогийн адилаар хашаандаа мод бут, хиймэл цөөрөм, тэжээвэр шувуутай байх нь эко орчныг улам илүү мэдрүүлж тэр чинээгээрээ сэтгэл ханамжтай болдог гэж Ч.Эрдэнэчулуун бидэнд хуучилсан.

Цаашид цөөрөмдөө загас, мэлхий нутагшуулах бодол ч түүнд байна. Үүнээс гадна өөр нэгэн сонирхол татхаар зүйл бол тэднийх хүнсний хог хаягдал, болон ахуйн хэрэглээний бохир усыг ангилан ялгаж дахин хэрэглэдэг явдал юм. Тодруулбал усыг саарал, цэвэр гэж 2 ангилна. Саарал гэдгийг мөн доторно хиймийн бодистой болон дахин ашиглаж болох гэж ангилдаг. Хүнсний ногоо, будаа,тогоо, шанага угаасан химийн бодис ашиглагдаагүй саарал усаа хуримтлуулж байгаад мод, бут усалдаг байна. Цэвэр усаар усалсан мод, саарал усаар усалсан мод хоёрын саарал усаар усалсан мод нь илүү ургалттай байгааг тэр өөрийн туршилтаар анзаарсан аж. Мөн цай, кофены шаар болон хүнсний ногооны хог хаягдлийг битүү саванд даршилж био ялзмаг үүсгэн хөрс бордох замаар дахин ашиглаж хэвшсэн байна. Ч.Эрдэнэчуун гадаадын улс орнуудаар ажиллаж явах хугацаандаа өөрийн улсад хэрэгжүүлж болох зарим зүйлүүдийг анзаарчээ. Тухайлбал манай улсын нийслэл гэр хорооллоос байшин хороололруу тэмүүлж дэд бүтцээ хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Энэ нь сайн хэрэг. Гэвч хатуу хучилттай зам, өндөр байшин барилгад хэт их анхаарснаар ногоон байгууламж орхигдож байна. Хөгжингүй орнуудын туулж өнгрүүлсэн хөгжлийн үеүүдэд хотижсон байдалруу тэмүүлэх давалгаа их байсан.

Харин одоо эргээд хувийн газар, хувийн байшин, эко орчин гэдэг зүйлрүү тэмүүлж байна. Гэхдээ бүр аль мөнгөтэй, эрх мэдэлтэй нь энэ зүйл рүү илүү их анхаарал хандуулж байгаа юм. Гэтэл бидэнд тоостой шороотой, хөрсний бохирдолтойгоороо цоллуулдаг ч хувийн эзэмшлийн газар байна. Тэгэхээр гэр хороололд амьдрах нь сул тал биш харин ч давуу тал. Ганцхан өөрийн амьдарч байгаа орчноо сайжруулж, сэтгэл ханамжыг өөртөө бий болгохын тулд хийх гэж буй ажил болон цалингийн зарцуулалтаа төлөвлөх нь чухал. Хүн бүрт тэгшхэн оноогдсон нэг зүйл бол хоногийн 24 цаг, мөн өөрийн амьдралыг өөрөө төлөвлөх эрх юм. Энэ хоёрыг л хооронд нь уялдуулан төлөвлөж, түүнийхээ төлөө зүтгэх нь хамгийн чухал гэдгийг хүн бүхэн мэдэх хэрэгтэй. Түүнээс хэн нэгэн нь хөрөнгө чинээтэйдээ бусдаас илүү хашаагаа тохижуулаад байна гэсэн ойлголт хэрхэвч байж болохгүй. Алт, нүүрс зэрэг ашигт малтмал олборлож байгаа хүмүүсийг баялаг бүтээгчид гэж нэрэлдэгч үнэн хэрэгтээ хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаасаа хойш эх дэлхийн зөвхөн хэрэглэгч нь байсаар ирсэн. Тиймээс бид хэрэглээнийхээ төлбөрийг эргүүлэн байгальд төлөх нэг арга бол мод, бут тарих замаар эко орчин бий болгох ажил юм. Мод, бут тарих бол цэвэр сэтгэл шаардах ажил учраас одоо миний бодож, мөрөөдөж, зүүдэлж явдаг болсон зүйл бол эко орчин гэж тэр хэлсэн юм. Бидний амьдарч буй цэнхэр гараг 4.5 тэр бум жилийн настай.

Өдий өндөр насыг зооглохдоо өөрийнхөө түүхэнд усан галав, мөсөн галав юүлэх зэргээр нийт 5 удаа сөнөж байжээ. Дараагийн сүйрэл буюу 6 дахь галав ойртож байгааг эрдэмтэд мэдэгдсээр байгааг хэн хүнгүй мэдэх бизээ. Тиймээс иргэн таныг эх дэлхийнхээ насыг уртасгахад бага ч болов хувь нэмрээ оруулж ногоон байгууламжыг хайралдаг байгаасай гэдэг сэдэл өгөх үүднээс Ч.Эрдэнэчулууны лабартори хашааг таньд танилцууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4728
3350 / 71%
868 / 18%
248 / 5%
262 / 6%