Tөлөөлөгчийн индэр буландаа энэ удаа Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч О.Даваасүрэнг урилаа.
-Таныг өмнө нь хороон засаг даргаас НИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдсон гэж сонссон юм байна. Хороон засаг дарга гэхээр голдуу настай хүн л төсөөлөгддөг. Хэдэн оноос хороо дүүргийн ажилтай холбогдов?
- 2011 оны 4 сард Нийслэлийн Иргэдийн Хурлын тогтоолоор дүүргүүдэд 20 шинэ хороо байгуулагдсан. Сүхбаатар дүүрэгт 19, 20-р хороо гэж шинээр байгуулагдахад би намын томилгоогоор 20-р хорооны засаг даргаар очиж байлаа. Тухайн үед 19-р хорооны засаг дарга нь өөрийн чинь хэлдгээр цэргийн байгууллагаас тэтгэвэрт гарсан настай хүн очиж байсан.
-Анх ажил авахад танай хорооныхон залуу гэдгээр нь голж хүлээн зөвшөөрөхгүй байх хандлага хэр үзүүлж байв ?
-Байлгүй яахав зөндөө байсан. Залуучууд нь орж ирэхээрээ “Чи залуу хүн байж энд юу хийж байгаа юм. Энэ ажлыг чинь хөгшчүүл хийдэг биз дээ” гэж гайхна, хөгшчүүл нь тоохгүй. Манай хороо хуучин 18 -р хорооноос тасарч гарсан, тэр хорооны маань дарга нь 60 гарсан настай хүн. Би бараг л бага хүүтэй нь чацуу. Тийм болохоор хүмүүс намайг илт голох хандлага илэрхийлдэг байсан. Би чинь банкны эдийн засагч мэргэжилтэй, удирдлагын академи төгссөн. Мэргэжлээрээ болон өөр салбаруудад нэлээн хэдэн жил ажиллачихсан, дээр нь нийгмийн идэвхи сайтай. Намын ажилд нэлээн хэдэн жил оролцчихсон тийм л залуу очиж байгаа байхгүй юу /инээв/
-Хүмүүсийн залуу хүн туршлагагүй, буурь суурьгүй гэх хандлагыг хэрхэн давж гарч хүлээн зөвшөөрөгдөж байв?
- Эхний үед хүмүүсээ сонсоно, ойлголцох гэж хичээнэ, хийхээр төлөвлөж байгаа ажлаа тайлбарлана, янз бүрээр л үзнэ. Хороон дарга гэхээр л яагаад заавал хөгшин хүн байх ёстой гэж. Тэгээд ер нь одоо залуучууд бидний цаг үе. Одоо л хийхгүй бол хэзээ хийх вэ гэдэг зарчмыг барьж ажилласан. Юм хийгээд байхаар, хийх гэж байгаа ажлаа зөвшилцөөд байхаар хүн чинь хүлээн зөвшөөрнө, магтана, шүүмжилнэ, санаа оноогоо хэлээд явна. Ер нь янз бүрийн арга хэрэглэсэн дээ.
-20-р хороо гэхээр Сүхбаатар дүүргийн аль хэсэг вэ?
- Манайх Сэлбэ, Хадат, Бэлх гээд байгалийн үзэсгэлэнт газар байдаг. Тэр хавьдаа Хүннүгийн үеийн булш бунханууд ихтэй, түүхийн олдвор ихтэй үнэхээр сайхан газар. Сүүлийн үед бүтээн байгуулалт ч сайн хийж байгаа. Анх очиход сургууль, цэцэрлэг байхгүй, зам харгуй муу, автобус унаанаасаа хол хэцүүхэн л байсан. Очсоноосоо хойш хамгийн түрүүнд зам тавиулах асуудлаар иргэдтэйгээ ярилцаад нийслэл, дүүрэгт хандаж байлаа. Ер нь иргэдийнхээ ая тухтай амьдрахад ямар л хэрэгцээ шаардлага үүсч байна, тэр бүгдийг иргэдээрээ хэлэлцүүлээд явсан. Хэлэлцүүлж батлуулсан ажлуудаа ямар ч байсан хийсэн. Анх иргэдийн оролцоо гэж ярьдаггүй байхад л бид хорооныхоо байр, замаа хаана, ямар байршилд барихав, ямар төсөв өртөгтэй байхав, ямар хүндрэл бэрхшээл гарах вэ гээд бүгдийг хэлэлцүүлж шийддэг байсан. Энэ маань их давуу тал болсон.
Ингээд 2012 оны сонгуулиар Дүүргийн ИХ-д нэр дэвшихэд намаас ч тэр, манай иргэдээс ч тэр урам, дэмжлэг өгснөөр төлөөлөгч болж сонгогдсон.
-Ер нь ажил бүтээхэд нэг талаараа намаас шууд хамааралтай цаг үе ирсэн юм шиг. Өөрт чинь ийм асуудал хүндрэл хэр тулгардаг вэ. Төлөөлөгчийн хувьд харьцангуй гайгүй байдаг уу?
-Төлөөлөгч иргэдээс сонгогдсон гэдэг утгаараа харьцангуй гайгүй. Би чинь намын төлөөлөл биш, иргэдийн төлөөлөл шүү дээ. Тийм учраас наанадаж хороогоо бүхэлд нь харах ёстой, цаанадаж дүүргийн асуудал, нэг эд эс, нийслэлийн нэг хэсэг гэдгээр нь том харж явах ёстой гэдэг байр сууринаас асуудалд ханддаг. Тийм болохоор дүүргийн удирдлагуудын хувьд ч асуудалд нэгдмэл байр сууринаас ханддаг.
-Ер нь Төлөөлөгч хүний гол тодорхойлолт нь тухайн нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа иргэдийн ая тухтай амьдрах орчин, нөхцлийг бүрдүүлэх явдал гэж хуульчилсан байдаг юм билээ. Энэ зорилгыг танай дүүрэг, та Төлөөлөгчийн хувьд хэр биелүүлж чадаж байна?
-Өмнө нь засаг дарга байхад хороон дээр хийх гэж байгаа ажлынхаа талаар дүүрэг, нийслэлрүү хичнээн хэлээд, бичиг өгөөд ч алсраад, дарагдаад өнгөрөх асуудал гардаг байсан. Яаж хөөцөлдөж бүтээх аргаа мэдэхгүй үе ч байсан. Төлөөлөгчийн нэг давуу тал нь боломж илүү байдаг юм байна. Зорилгоо урдаа тавиад иргэдийнхээ санал санаачилгыг дэмжээд явахад боломж бий. Миний хувьд өгсөн амлалт, тавьсан зорилгоо бүрэн биелүүлсэн.
-Ам бардам хэлж байна шүү?
-Тэгэлгүй яахав. Манай хороо засмал замгүй байсныг 2012 онд улсын төсвийн хөрөнгөөр тавьчихсан. Тухайн үеийн дүүргийн төлөөлөгч нийслэлийн удирдлагууд ч дэмжсэн. Нийтийн тээвэр очдоггүй байсан, сая хоёр чиглэлд яваад эхэллээ. Хамгийн гол асуудал нь цэцэрлэггүй байсныг олон удаа бичиг өгч хөөцөлдсөний эцэст дэлхийн банкны санхүүжилтээр сая цэцэрлэгтэй боллоо. Тогны хүчдэл маш муу, ус буцалгагч дийлдэггүй унтарчихдаг байсныг сайжруулчихлаа. Дээр нь гудмаа гэрэлтүүлчихсэн, одоо камер явж байна. Энд тэнд залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх талбай байгуулж эхэлж байна. Мөн худаг их хол зайтай, км гаран явж байж усаа авдаг байсныг 100-200 м яваад авдаг боллоо. Өгсөн амлалтуудаа биелүүлсэн. Гэхдээ асуудлууд байна. Тухайлбал зуслангийн бүсэд 10-аас дээш жил суурьшиж байгаа олон айл бий. Хэдийгээр газар нь ногоон бүсэд хамаардаг ч гэсэн олон жил амьдарсан айлууддаа газрыг нь өмчлөөд өгчих юмсан гэсэн зорилго байна. Газраа өмчлөөд авчихвал эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж нь бүрдэнэ. Тэр асуудлаар ойрын үед хөөцөлдөж байна. Болох байх. Дээр нь замаа дагаад ногоон хэрэмтэй болохсон гэдэг мөрөөдөл байна. Мөн сургуультай болмоор байна. Манайх хүн амынхаа тооноос хамаараад цэцэрлэг, сургууль байгуулах тоонд хүрдэггүй юм. Яамнаас тогтоосон стандартаар хүүхдийн тооноос хамаарч байгуулдаг юм билээ. Гэхдээ ямар ч байсан санаж зүтгэж явахад болох байх аа.
-Таны хувьд сонгогчидтойгоо одоо хэр уулздаг вэ. Ер нь төлөөлөгч нарт уулзалтын тогтсон хуваарь байдаг уу?
-Дүүргийн ИТХТөлөөлөгчид иргэдтэй уулзах албажсан цаг байдаг. Миний цаг сар болгоны сүүлийн долоо хоногийн дөрөвдэх өдөр. Гэхдээ бид албаны цагт баригдалгүй долоо хоног болгон л уулзаж байдаг. Ер нь байнга холбоотой, хүмүүсээ таньдаг болохоор хөндлөнгөөс харахад хамаатан садан, найз нөхөд ч юм шиг болчихсон байдаг. Заримд нь зөвлөгөө өгөх, өргөдөл гомдлыг нь хүлээж авах, заримд нь тусламж дэмжлэг үзүүлэх гээд ажил дуусахгүй. Бид чинь анхан шатанд, яг л хүмүүсийнхээ амьдрал дунд байгаа болохоор иргэд их ханддаг. Яг өнөөдөр л гэхэд би гурван хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн асуудлаар удирдлагуудтай нь уулзаад явж байна.
-Хүмүүс Нийслэл, Дүүргийн ИХТөлөөлөгчид гэж бэлэн цалин хангамжтай, тогтсон ажлын цаг байхгүй, дүүргийнх нь жилдээ хоёр удаа л хуралдахаас өөр хийх юмгүй. Тэгсэн хэрнээ урамшууллын мөнгө аваад сууж байдаг гэж харддаг. Энэ тал дээр?
-Өмнө нь магадгүй тийм байсан байж болох юм. Одоо бол иргэд төлөөлөгчийнхөө юу хийж, хаана явааг нь хүртэл мэддэг болсон. Гэхдээ зарим талаар тийм төлөөлөгч нар байхыг бас үгүйсгэхгүй. Ер нь төлөөлөгч юм хийе гэвэл маш их цаг завгүй ажилтай, хийхгүй гээд аргацаагаад явбал бас боломжтой. Ажлын цаг нөхцөл байдлаас шалтгаалаад зарим төлөөлөгч нар давхар алба хашдаг. Тэгэхээр тойрог дээр ажиллах цаг зав муугаас үзэгддэггүй, ажилдаггүй гэх тодорхойлолт гардаг байх. Нөгөөтэйгүүр хэдийгээр мэдээлэл сайтай ч төлөөлөгч хийсэн ажлаа сурталчилах тал дээр сул байдаг нь бас нөлөөлдөг тал бий. Миний хувьд өмнө нь засаг дарга нь байсан болохоор ямар ч үед иргэдтэйгээ нээлттэй байдаг. Дээр нь би энэ хороондоо амьдардаг болохоор хорооноос зохион байгуулж байгаа ажилд тогтмол оролцдог. Төлөөлөгч гэхээс илүү чи, би, ингэе, тэгье гээд шууд харилцаад явчихдаг.
-Миний хувьд өөрөөрөө ч тэр, үеийнхээ залуучуудаар ч тэр жишээд харахад хороо , дүүрэг дээрээ болж байгаа асуудлуудыг мэддэггүй, оролцдоггүй, төлөөлөгчөө ч таньдаггүй байдал их ажиглагддаг.
Хороон дээр ахмадууд л очдог гэх хандлага түгээмэл юм шиг санагддаг?
- Тийм шүү. Ер нь залуучууд маань өглөөнөөс орой хүртэл ажил хийгээд орой гэр орондоо харихаараа хоол унд, телевиз, үгүйдээ л найз нөхөдтэйгээ уулзахад амьдралынх нь ихэнх цаг явчихаад байгаа юм. Хороон дээр ямар нэг тодорхойлолт, шилжилт хөдөлгөөн гэхээс бусдаар бол бараг очихгүй. Бидэнд хамаагүй мэтээр ханддаг.
Гэтэл яг амьдралынх нь анхан шатны асуудлууд хороон дээр шийдэгддэг. Хорооны иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэгдээд “Танай урдуур зам явах гээд байна, ийм зүйл хийгдэх гээд байна” гээд саналыг нь сонсох гэхээр өдөр нь хүн байдаггүй. Дараа жил нь ажил нь эхэлчихээр “Юу болов, ёстой ийм байж болохгүй” гээд гэдийгээд суучихдаг тал бий.
Тэгэхээр ядаж л дүүрэг хорооныхоо цахим хаяг хуудсаар нь орж мэдээлэл авч, санал бодлоо хэлж байгаасай, үгүйдээ нэг зарлалын самбарыг нь тогтоод харчихаж байгаасай, саналаа мессежээр ч бол явуулж байгаарай гэж хэлмээр байна.
-Тэгэхээр хороо дүүрэг дээр залуучууд болон дундаж насны хүмүүсийн санаа бодол орхигдоод зөвхөн хороогоор очдог идэвхитэй хүмүүсийн санал дүгнэлтээр асуудал шийдэгдэх магадлал өндөр байх нь.
-Тийм шүү, өөрийн чинь хэлдэгээр ахмадууд, хороогоор байнга очдог хүмүүсийн хүрээнд асуудал яригдчих гээд байдаг тал бий. Мэдээж хороо дүүрэг дээр судалгаа хийнэ, гэхдээ тэр болгон нарийн тусгагдахгүй шүү дээ.
-Шат шатны төлөөлөгчдийн аваад байгаа урамшууллын мөнгө сүүлийн үед олон нийтээс шүүмжлэлд их өртөж байгаа. Танай дүүргийн хувьд энэ мөнгөн тоо нэлээн их хэмжээгээр яригдаж, саяхан мөнгөө авсан талаар ч мэдээлэгдэж байсан. Энэ мөнгийг авахгүй байж болдоггүй юм уу?
-Үнэндээ урамшууллын мөнгө гэж нэрлэгдээд байгаа боловч үнэн чанартаа тойрогтоо л зарцуулах мөнгө. Миний хувьд дүүрэг хороон дээр суух тогтсон өрөө байхгүй болохоор ядаж л ажлаа явуулах, иргэдээ хүлээж авахад зориулагдах өрөө түрээслэхээс эхэлдэг юм. Дээр нь бичиг хэргийн болон өдөрт сууж ажиллаж байгаа хүний цалин, бензин тосны тодорхой хэмжээний зарцуулалт, хүүхдийн төлбөрийн асуудалд зарим үед дэмжлэг үзүүлэх гээд мөнгө нь хаанаа ч хүрэхгүй үе олон. Ер нь дүүрэг дээр байгаа төлөөлөгчдын мөнгө эзэндээ хүрч зарцуулдаг. Нийслэл 30 сая, Их хурлынхан 90 саяыг авч байна. Тэд доороо очоод юу хийж байгааг бид мэддэггүй. Тэгсэн мөртлөө хажууд нь байгаа гэдгээр нь та нар 5 саяыг авдаг гээд чичлэдэг. Манай дүүргийн хувьд бичгийн алдаа л гарсан юм билээ.
-Төлөөлөгч нар 5 саяыг авдаг гэдгийг хүн бүр мэддэг болсон. Тэгэхээр та энэ мөнгөнөөсөө бидэнд дэмжлэг үзүүлэх ёстой гэсэн амьдралын боломж тааруу хүндрэл гачигдал учирсан хүмүүс их ирдэг үү?
-Өө зөндөө ш дээ. Над дээр л гэхэд өнгөрсөн гурван жилийн хугацаанд 120 гаруй тусламж хүссэн өргөдөл ирсэн байна. Тэднийг их бага гэлгүй аль болох бололцоогоороо шийднэ, гэхдээ энэ мөнгийг буруу зөвгүй зарцуулаад байж болохгүй, зарцуулалтын журамтай.
Ямар нөхцөлд хэнд яаж туслахав гэдгийг бас бодож, судлаж байж шийднэ. Гэр орон олгооч гэх мэт өргөдлүүдийг нь хаана ямар шугамаар, хэнд хандахав гэдгийг нь зааж өгнө. Заримыг нь өөрсдөө хөтлөөд хөөцөлдөх үе ч бий. Уралдаан тэмцээн зохиолоо гэхэд өөрөөсөө гаргах үе ч бий. Нэг үеээ бодвол энэ мөнгийг тойрогтоо зарцуулдаг гэдгийг иргэд мэддэг болсон байна лээ.
-Зарцуулалтын тайлан гарах уу?
-Гаралгүй яахав улирал болгоноор нь дүүрэгт гаргаж өгдөг.
-Үнэхээр өөр шиг чинь зарцуулдаг нэгэн байхад зарцуулдаггүй хүмүүс бас байна. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгч болдог байх л даа?
-Магадгүй ээ. Ний нуугүй хэлэхэд жагсаалтаар орсон төлөөлөгчид тойроггүй болохоор энэ дээр бас асуудал үүсдэг юм. Тоглоом шоглоомоор дотроо хүртэл эн асуудлыг ярьдаг л юм.
-Хотын төвийн дүүргүүдийн хувьд газрын маргаан их гардаг. Байрнуудын дундах нийтийн эзэмшлийн талбайг нэг өглөө босоод ирэхэд л ухаад хэн нэгэн нь хашаад авчих тохиолдол их байдаг. Танай дүүргийн хувьд энэ асуудал хэр байна?
- Ер нь манай хороонд газрын маргаан их гардаг. Би газрын байцаагч, газрын албатай нягт холбоотой ажилладаг. Хуучин хороон дарга байхад намайг газар өгчихлөө гэж хардах тохиолдол гардаг л байсан. Үгүй юм аа. Нийслэлийн газрын алба гэж босоо удирдлагатай газар байна. Дүүрэг дээр хүсэлт өгсөн хүмүүсийн өргөдлийг боломжтой, үгүйг нь ялгаж үзээд шийддэг. Бид газрын асуудал дээр хаана, хэнд хандах, ямар төлөвлөлттэй байна гэдгийг нь хэлж зөвлөдөг болохоос зөвшөөрөл өгөх эрх байхгүй. Газрын албаныхан ч хууль журмынх нь дагуу зөвлөгөө өгдөг. Заримд нь зөвшөөрөл өгөхгүй болохоор “Минийхийг л шийдсэнгүй, мөнгөтэй танил талтай талд шийдлээ” гэх байдал ажиглагддаг.
Нийтийн эзэмшлийн талбайн хувьд боломжтой гэсэн газраа өгдөг л байх. Тэрийг сайн мэдэхгүй байна. Манай хороо дүүргийн хувьд хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, дээр нь автомашины зогсоолын талбайд газар өгөхийг хориглосон. Бид “Ногоон дүүрэг болно” гэдэг бодлогыг барьдаг. Одоо манай дүүргийн 50 жил болж байна. Үүний хүрээнд хийж бүтээж байгаа ажлууд ч байна. Хийхээр төлөвлөсөн зүйл ч их бий.
-Танай дээр Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө хэдий хэр юм тусгагдав. Ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?
-Анхан шатны хорооны иргэдийн нийтийн хурлаас гарсан саналаа эрэмбэлээд түүнийхээ дагуу хөрөнгө оруулалтаа батлаад явдаг. Энэ жилийн төсөв тодотголоор орж ирнэ.
Өнгөрсөн жил 2 тэрбум гаруй төгрөг орж ирсэн байдаг. Ер нь 2006 онтой харьцуулж үзэхэд манай төсөв мундаг нэмэгдсэн байдаг юм билээ. Тэр үед 100 гаруй сая төгрөгөөр жилийн төсөв нь батлагддаг байсан бол энэ жил дүүргийн ИХурал тэрбум гаруй төгрөгөөр батлагдаж орж ирсэн байна. Энэ бол улс хөгжиж байгаагийн шинж л дээ.
-Жил бүр төсөв зардал нь нэмэгдээд байдаг. Гэтэл яг энэ өсөөд байгаа мөнгөтэйгээ дүйцэх хэмжээний ажил хийгдэж байна уу үгүй юу гэдэг нь сонин л доо. Мэдээж хийсэн зүйл их бий. Гэхдээ хөшөө дурсгалд их хэмжээний мөнгө зарцуулаад байна гэх хардлага, шүүмжлэл бас их байдаг?
-Орон нутгийн сангийн мөнгө, дээр нь Иргэдийн хурлаас батлагдаж байгаа төсвийн хүрээнд хийгдэж байгаа ажлууд их бий. Гэхдээ хүний хэрэгцээ гэдэг хязгааргүй юм даа. Өнөөдөр энд зам гэрэл тавиад өг гэсэн бол тавингуут маргааш нь ахиад өөр юм хүсч байдаг ийм л эрэлт. Тэр болгоныг нь судлаад дараагийн хийх ажлаа төлөвлөдөг нь бидний ажил юм. Манай дүүргийн хувьд аюулгүй амгалан, ая тухтай орчиныг бүрдүүлэх гол уриатай. Тэр ч үүднээс олон ажил хийж байна. Гэрэлтэй газар гэмт хэрэг гарахгүй гэдэг үүднээс бүх газраа гэрэлтүүллээ. ер нь иргэд юу хүсээд байна вэ гэдгийг өөрсдөөр нь хэлэлцүүлээд батлаж, түүнийгээ хэрэгжүүлээд явбал ийм асуудал гарахгүй л дээ. Мэдээж тодорхой хэмжээнд хөшөө дурсгалжуулах асуудал байлгүй л яахав, гол нь хөрөнгө санхүү нь хаанаас яаж гарч байна, ямар үр нөлөөтэй байна вэ гэдэг л чухал.
Хязгаарлагдмал нөөцийг хязгааргүй хэрэгцээгээр хангах гэдэг шиг ямар ч байсан хичээгээд явж л байна даа.
-Засаг захиргаа нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуульд /ЗНДТУТХ/ энэ намар өөрчлөлт орохоор хуулийн төсөл нь яригдаад, хэлэлцэгдээд эхэлчихэж. Шинэ хуулийн төслийг харж байхад өмнө нь төлөөлөгч нарын эрх гэж яригддаг байсан бол энэ удаа үүргийг нэлээн нарийн тусгаж өгсөн байна. Мөн намын харьяаллаас татгалзах, улстөрийн үйл ажиллагаанд оролцохгүй байх асуудлыг ч оруулсан байна. Анхан шатанд энэ өөрчлөлтүүд хэрхэн нөлөөлөхөөр байна.
Биелэх боломж хэр байгаа бол...
-Эрхийн нөгөө талд үүрэг байх нь зүй ёсны хэрэг. Энэ хуулиас харвал ИТХ-ыг байнгын үйл ажиллагаатай болгох гэж байх шиг байна. Одоо бол жилд хоёр удаа хуралд суудаг. Төсөв батладаг, тодотгодог, тодорхой хэмжээний яаралтай хэлэлцэх асуудал дээр ирж суудаг гэх шүүмжлэл нэг талаараа үндэслэлтэй. Шинэ хуулиар хариуцлага нь өндөрсөөд ирэхийн хэрээр үүрэг ачаалал нь нэлээн тодорхой болох байх. Энэ нь бол сайн талтай гэж харж байна. Мөн давхар ажил алба эрхлэхийг хориглохоор тусгасан байсан. Энэ нь ч зөв байх. Намын харьяаллын хувьд иргэдээсээ сонгогдвол боломжтой, гэхдээ нэр дэвшүүлэх субьект нь ямар байх юм бол гэх мэт асуудал нь тодорхойгүй байна. Мэдээж одоо төсөл төдий явж байгаа болохоор илүү сайн ярьж хэлэлцэх байх.
-Төлөөлөгчдийг удаа дараа хурал тасласан, үүрэгт ажлаа цалгардуулсан, эрхээ буруугаар ашигласан тохиолдолд 12 дугаар бүлэг дээр эргүүлэн татах, тэр ч бүү хэл олонхийн саналаар огцруулах асуудлыг оруулж ирсэн байсан. Мөн буруутай шийдвэр гаргасан тохиолдолд төрийн албанд 10 жил ажиллуулахгүй байх гэх мэт нэлээн чанга заалтууд харагдсан?
-34 төлөөлөгч нэгийгээ олонхийн саналаар огцруулна гэдэг нэг талаасаа 1000 гаруй хүний сонгосон саналыг шууд хүчингүй болгож болох уу гэдэг өөрөө их эргэлзээтэй асуудал. Ёс зүйн хариуцлагын хороо гэж яригдаж байна. Уг нь 4 жилийн дараа сонгуулиар дүнгээ тавиулна гэдэг чинь өөрөө тухайн төлөөлөгчийг дүгнэж байгаа хэрэг л дээ. 10 жил төрд ажиллуулахгүй гэдэг заалтыг бас л эргэж харахаар санагдсан. Эрүүгийн хууль шиг л заалт байна. Мэдээж хэн ч санаатай ийм зүйл хийхгүй. Хэрэв санаатай хууль зөрчиж шийдвэр гаргасан бол холбогдох хууль шүүх нь байгаа. Түүгээр асуудлыг шийдэх боломжтой. Мэргэшсэн боловсон хүчний хийсэн алдааг нь ялгаж зааглалгүйгээр шууд 10 жил гэдэг арай л боломгүй.
-Энэ заалт нэг талаасаа төрийн албыг хариуцлагажуулах, томоохон сануулга өгөх маягаар гарч байгаа байх гэж ойлгож байна. Ер нь төрийн албанд сонгогдсон 4-н жилээ ашиглаад хууль бус шийдвэр гаргадаг, иргэдээ биш хувийнхаа бизнес санхүүг дэмждэг асуудлуудад ямар ч хариуцлага хүлээдэггүй байдал ажиглагддаг л даа?
- Иргэдийн хувьд харахад сайн боловч санаатай юу, санаандгүй байдлаас буруу шийдвэр гаргасан уу гэдэг дээр нарийвчлан судалж үзэж байж шийдэх асуудал. 10 жил ажиллуулахгүй, 2 жил эрхийг нь хасна гэх мэт заалтууд эрүүгийн хууль шиг л санагдаад байгаа юм. Манайд тодорхой хэмжээгээр сахилга хариуцлага байх ёстой. Үүнтэй санал нэг байна. Гэхдээ эргэж харахаар, нарийвчлан ялгаж зааглахаар заалтууд ч бас их байна.
-ИТХ-ын төлөөлөгчдийн нэг гол үүрэг нь хууль сурталчлах. Гэхдээ амьдралд хамгийн ойр байдаг шийдвэр гаргагчийн хувьд хуулийн зүйл заалтууд амьдралтай төдийлөн нийцэхгүй байна. Амьдралаас тасархай хуулиуд батлагдаад байна гэдэг. Та нар хэлэлцэгдэж байгаа хуулийн төслүүдэд саналаа өгөх, хамтран ажиллах тал дээр хэр ажилладаг вэ?
-Хууль батлахаас өмнө хороон дээр хэлэлцүүлнэ. Хороо болгон дээр Иргэний танхим гэж бий. Гол үүрэг нь хууль сурталчлах, иргэдээс санал авах. Гэхдээ иргэдийн оролцоо маш сул байдаг. Уг нь иргэд заавал Засгийн газар, УИХ гээд байлгүй Иргэний оролцооны танхим дээр очоод саналаа хэлээд явах боломжтой. Нөгөө талаас энэ танхим маань байгуулагдаад 2-3 жил болж байгаа болохоор бас яаж ажиллах, ямар уялдаатай байх гэдгээ төдийлөн сайн олохгүй л байх шиг байна.
Бид зарим хуулийн төсөл дээр Ерөнхийлөгчийн Иргэний танхим дээр очиж саналаа өгдөг. Гэхдээ нөгөө талаасаа бид саналаа боловсруулаад яамруу өгдөг боловч дээд шатны удирдлагын уялдаа муугаас дарагдаад өнгөрөх тохиолдол бас байна.
-Гарах гарц нь юу байна?
-Төрийн байгууллагуудын хоорондын харилцаа, уялдаа сул байна. Шуурхай зохицуулагддаг баймаар байна. Тэгвэл хөрөнгө мөнгө, цаг хугацааны хувьд маш олон үр дүн гарч болмоор санагддаг.
ЯРИЛЦСАН М.ОЧИРОО