ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

БИЗНЕСТ АШГААС ГАДНА СЭТГЭЛ ХЭРЭГТЭЙ

2016-01-20

-Үйлдвэрлэл эрхлэгчид хийж байгаа зүйлээ зөвхөн мөнгө олох хэрэгсэл мэтээр ойлгох юм. Харин ч хийж байгаа зүйлээ хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг сэтгэл хэрэгтэй.

-Сүүлийн үед хүмүүс монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг илүүд үзэх болжээ. Тэгвэл хүмүүсийн эрэлт хэрэгцээг хангасан модон эдлэл үйлдвэрлэж буй “Тосон Вүүд” ХХК-ийн захирал М.Самбуунямыг “Бүтээлч Монгол” булангийнхаа ээлжит зочноор урин ярилцлаа.

-Та монголын модоор үйлдвэрлэл эрхлэгчдийн анхдагчдын нэг юм байна. Тэгвэл модоор эдлэл хийе гэдэг санааг анх яаж авч байв? 

-Би 1998 онд Шинжлэх, ухаан, технологийн их сургуулийн /ШУТИС/ Үйлдвэр, технологи, дизайны сургуулийн Мебель, модон эдлэл, технологич, дизайнер мэргэжлээр элсэн орсон юм. Сургуульд элсэн орсон цагаасаа эхэлж, модон үйлдвэрлэлийн салбарт ажилласан гэхэд болно. Өглөөд хичээлдээ яваад, мужаанаар ажиллана. 1999 онд ШУТИС-ын дизайны сургуулийн оюутнуудын дунд модон эдлэлээр хийсэн бүтээлийн уралдаан болсон юм. Тэр уралдаанд миний хийсэн гал тогооны тавилга тэргүүн байр эзэлж, 150 мянган төгрөгөөр шагнуулж билээ. Энэ надад маш их урам хайрласан. Түүнээс хойш л модон эдлэлээр дагнан ажиллахаар шийдсэн. Ингээд 2001 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас модон эдлэл хийхэд зориулж, зургаан ширхэг багаж худалдаж авч байлаа. 
Тухайн үед надад 500 мянган төгрөг байсан. Тиймээс ахаасаа 1,5 сая төгрөг зээлээд багаж худалдаж авсан юм. Миний анхны хөрөнгө оруулалт нь энэ. 2001 оны хоёр сая төгрөг гэдэг их мөнгө байлаа. Тэгээд л өнөөх багажуудаа ашиглан, зуны байшинд модон хаалга, сандал, ширээ хийж эхэлсэн. 2001, 2002 онд модон хаалга 25-35 мянган төгрөгний үнэтэй байсан юм. Хамгийн гол нь өөрийн дизайнаар ажил хийж байна гэдэг л сайхан санагддаг байж. Хүн ажилдаа сэтгэлээ зориулбал амжилт ирдэг. Одоо бол хаалганы үнэ хийж буй модноос хамаараад үнэ өссөн. Монголын модоор хийсэн хаалга 250 мянгаас дээш үнэтэй байгаа. Харин гадаадын сайн чанарын модон хаалга бол мэдээж үнэтэй. 

Ингээд өөрөө ажиллахаас гадна мужаан болох хүсэлтэй залуусыг сургаж, модон хаалганы цехдээ ажиллуулдаг боллоо. Үүний хажуугаар би Америкын нэгдсэн улс, Герман улсад дизайнерын мэргэжлээ ахиулж амжсан юм.  Ингээд  2008 онд “Тосон Вүүд” компаниа байгуулсан. Өдгөө манай компани монголын модон эдлэлийн салбартаа  тэргүүлэх амжилтыг үзүүлж байна. Энэ бол тасралтгүй хичээн, зүтгэсний үр дүн юм. Компаниа өдий хүртэл өргөжүүлэхэд манай хэрэглэгчид маш чухал байр суурийг эзэлнэ гэдгийг энд онцлон хэлмээр байна.  

 
-“Тосон вүүд” ХХК-ийн модон эдлэл бусдаас юугаараа ялгардаг вэ? 

-Манай компани Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын стантартын дагуу модон хаалга, цонх, тавилга үйлдвэрлэдэг. Тоног төхөөрөмжүүд ч Герман Улсынх. Тоног төхөөрөмж сайн байж, сайн тавилга, цонх, хаалга үйлдвэрлэнэ. Мэдээж өнгө, хэмжээний хувьд хэрэглэгчийн хүсэлт, захиалгын дагуу хийнэ. 2004 онд манайх Ази, Номхон далайн орнуудын шилдэг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч болж байсан юм. Түүнээс хойш энэ эрхэм алдраа алдахгүйн тулд шургуу ажиллаж байна. Манайхаар нийслэлийн зарим сургууль, цэцэрлэг, дүүргүүд, яамд үйлчлүүлж байсан. Сурагчид эрүүл орчинд сурах ёстой гэдэг үүднээс манай компани зарим сургууль, цэцэрлэгийн тендерт орж, модоор ширээ, сандал хийж өгсөн байгаа. Манайхан чинь хямдыг бодоод хятад хуванцар хаалга, цонх, сандал, ширээ авчих юм. Хуванцар эд эдэлгээ муутай, эрүүл мэндэд таатай биш шүү дээ, уг нь. 
Сүүлийн гурав, дөрвөн жил “Ривер Гарден”, “Цэцээ гүн”, “Time square” хороолол зэрэг орон сууцны хорооллыг барилгын төслүүдэд хамтран ажиллаж байна. 
Манайх цонх, хаалга, тавилга гэсэн гурван төрлөөр үйлчилгээ эрхэлдэг гэдгийг дээр дурдсан. Мөн шат, сийлбэртэй монгол гэрийн мод, тавилга зэргийг бас үйлдвэрлэж байна. Манай компани олон жилийн туршлага чадамжтай, техник технологийн хувьд сүүлийнх, мөн хийцийн хувьд монгол хүнд хамгийн тохиромжтой, үнэ уян хатан зэргээрээ ялгарна. 



-Танай салбарт ажиллах боловсон хүчин хэр дутагддаг вэ? 

-Их, дээд сургууль төгссөн гээд диплом өвөртөлсөн залуус олон байна. Гэтэл бодит ажил дээр гар, хуруугаа авчих гээд нэг л эв дүйгүй байх юм. Энэ нь их, дээд сургуулиа төгссөн залуусын буруу биш л дээ. Манай боловсролын системд л дутагдал байна гэж боддог. Оюутнуудад дөрөв, таван жил онол заасан мөртөө ажил дээр дадлагажуулдаггүй юм байна. Миний бодлоор оюутнуудад өгдөг мөнгөөрөө жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Хариуд нь жижиг, дунд үйлдвэрлэлүүд мэргэжилтэн боловсон хүчнийг бэлдэхэд тусладаг байвал тун хэрэгтэй мэт санагддаг. Хэрвээ оюутнууд мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллаад, бодит байдал дээр заалгавал жинхэнэ “элдсэн арьс” шиг мундаг мэргэжилтэн болно. Ширээний ард онолын ном уншаад суух, бодит байдал ажиллаж, туршлага суух хоёр бол маш их ялгаатай зүйл. Монголд модоор эдлэл хийчих гарын дүйтэй залуус их бий. Тиймээс модны салбарт ажиллах боловсон хүчин дутагдахгүй.   



-Модон эдлэлийн давуу тал нь юу байдаг юм бэ?  

-Чулуу, мод, арьсыг байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэж үздэг. Энэ гурав л жинхэнэ цэвэр байгалийн бүтээгдэхүүн. Байгалийн бүтээгдэхүүн нь хүнд хор нөлөөгүйгээс гадна хог хаягдалгүй байдаг. Модноос хаях зүйл огт байхгүй. Үртсийг нь хүртэл ашигладаг. Модыг “ногоон алт” гэж нэрлэдэг. Гэвч мод алтнаас ашигтай. Алтыг ганц удаа ухаад авчихна. Харин модыг тарьж, нөхөн сэргээж болдгоороо онцлогтой. 

-Сүүлийн үед хүмүүс, бүргэд хаалга, вакуум цонхыг илүүд үзэх болсон байна? 

-Ер нь бол гэрийн дулаан цонх, хаалгаар гардаг. Сүүлийн үеийн хуванцар цонх, төмөр хаалга дулааныг барихдаа муу. Гэрийн цонх, хаалгаар алдаж буй дулааныг цахилгаан станцууд нөхөх гэж “үйлээ” үзэж байна шүү дээ. Хэрвээ гэр, байшин, орон сууц тань дулаан алддаггүй цонх, хаалгатай бол станцуудад ингэж их ачаалал өгөөч бил үү, үгүй ч бил үү.  



-Та “Монголын ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо”-ны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг хүн. Монголын нөхцөлд модоор үйлдвэрлэл эрхлэхэд хэр тохиромжтой байдаг юм бэ? 

- ОХУ гадаад валютын нөөцийнхөө багагүй хэсгийг модны ашгаас төвлөрүүлдэг. Манай улс болон Оросын Холбооны Улс /ОХУ/ Засгийн газрын байгуулсан мод импортлох гэрээ ч бий. Тиймээс монголоосоо ганц ширхэг мод тайралгүйгээр үйлдвэрлэл эрхэлсэн ч чадна. ОХУ-ын Сибирийн мод нар өөд тэмүүлж ургадаг учир урт, тэгшхэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд тохиромжтой, үнэ өртөг нь хямд байдаг. Харин манай улсын ой ерөнхийдөө маш их хөгширсөн. Модыг монголоос авсан, ОХУ-аас авсан яг адилхан үнэтэй байдаг.  Тиймээс модон үйлдвэр эрхлэгчид ОХУ-ын Сибирийн ойн модыг чухалчилдаг. “Модоор үйлдвэрлэл эрхэлнэ” гэхээр ойгоо тайраад сүйтгээд байна гэж ойлгож болохгүй. Харин үйлдвэрлэл эрхлэгчид ажлаа цаашид үргэлжлүүлж, өргөтгөхийн тулд ойгоо хамгаална шүү дээ. Ер нь бол модоор үйлдвэрлэл эрхлэгчид ойгоо ашиглахаас гадна, хамгаалах үүргийг хүлээж байдаг юм. 
Монголын ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо  2010 онд байгуулагдсан. Манай холбоонд 250 гаруй аж ахуй нэгж, байгууллага элсээд байна. 2010 оны долдугаар сард анхдугаар чуулганаа хийж, Удирдах зөвлөлийн 21, тэргүүлэгч 11 гишүүн гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Бид монгол орныхоо ойг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах, үржүүлэхээс гадна удирдлага, зохион байгуулалтыг тодорхой төлөвлөгөөгөөр төр засагтаа тавьж шийдвэрлүүлэх зорилготой юм. Мөн дэвшилтэт технологи, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэжлийн ажилтан бэлтгэж, бүтээгдэхүүний стандарт, техникийн нөхцөл, үйлчилгээний норм, нормативыг боловсруулж баталгаажуулахад эрдэмтэн, мэргэжлийн зөвлөл ажиллуулах зорилготой. 



-Анхлан ажлаа эхлүүлэхэд багагүй бэрхшээл тулгарна биз? 

-Бэрхшээл тулгарлаа гээд хийж байгаа ажлаа орхивол хөгжихгүй шүү дээ. Тиймээс аливаа саад бэрхшээлийг давах ёстой. Үйлдвэр эрхлэгчид хийж байгаа зүйлээ зөвхөн мөнгө олох хэрэгсэл мэтээр ойлгох юм. Харин ч хийж байгаа зүйлээ цааш нь хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг сэтгэл хэрэгтэй. Манай жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид ажил нь урагшгүй, мөнгө олохгүй болохоор л хамаг зүйлээ орхичихдог нэг том дутагдал байна. Энэ сэтгэлгээнээс салах ёстой. Үнэхээр эх орондоо үйлдвэрлэе, хийе, бүтээе гэвэл монгол үндэсний онцлог бараа, бүтээгдэхүүнээс нь харагдаж байх ёстой. Би иргэн бүр оролцоотой, идэвхитэй байгаа ардчилсан нийгэмд амьдарч байна. Тиймээс би хэр ажилласнаас шалтгаалан, амьдрал өгсч бас уруудна гэдгийг хүн бүр санах хэрэгтэй.  



-Манай улсад үйлдвэрлэл эрхлэхэд хүндрэлтэй нь юу байдаг вэ? 

-Ер нь бол анх үйлдвэрлэл эхэлж байгаа хүмүүст татварын орчин байдаг. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг татварын хөнгөлөлтөөр дэмжээд өгвөл хөл дээрээ босоод ирнэ. Түүний дараа татвараа авч болно шүү дээ. Ер нь манайх шиг гурван сая хүн амтай, асар их баялагтай оронд чанартайхан 10 мянган үндэсний жижиг, дунд үйлдвэр байхад босоод ирмээр санагддаг юм. 

-Ярилцсанд баярлалаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4728
3350 / 71%
868 / 18%
248 / 5%
262 / 6%