ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

“Завханчуудын хөгжил дэвшил” үйл ажиллагааны хөтөлбөрийг ард иргэдээ сонсох зарчим дээр тулгуурлан боловсруулж аймгийн ИТХ-аар батлууллаа.

2016-12-05

        Аймгийн ИТХ-ын 3-р хуралдаан энэ сарын 2-ны өдөр болж ойрын жилүүдийнхээ хөгжлийн бодлогыг тодорхойллоо. Хуралдаан 92.5 хувийн ирцтэйгээр эхэлж 6 асуудал хэлэлцлээ. Аймгийн Засаг даргын 2012-2016 онд хэрэгжүүлэх “Завханчуудын хөгжил дэвшил” үйл ажиллагааны хөтөлбөрийг ард иргэдээ сонсох зарчим дээр тулгуурлан боловсруулж аймгийн ИТХ-аар батлууллаа. Цаашид ч аливаа шийдвэр гаргахдаа иргэдийнхээ саналыг сонсож, иргэдийн оролцоог ханган ажиллах юм. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн хөгжил, Байгаль орчин, аялал жуулчлал ногоон хөгжил, Нийгмийн хөгжил, Сайн засаглал гэсэн үндсэн 4 бодлогын хүрээнд нийтдээ 210 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Түүнчлэн 16 хөтөлбөр шинээр хэрэгжүүлэх юм.  Ирэх 4 жилд Завхан аймаг зөвхөн хэрэглэдэг бус үйлдвэрлэдэг аймаг болохоос гадна ажлын байр нэмэгдэнэ, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбар хөгжинө гээд салбар бүрт томоохон дэвшил гарна гэж харж байгаа юм.
          Мөн хурлаар аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэн баталлаа. Үндсэн чиглэлд 4 бүлэг, 24 зорилт, 164 арга хэмжээг төлөвлөсөн байна. Энэ ажлын хүрээнд аймгийн 16 хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэн, 3 аян зохион байгуулж, нийт 23 тэрбум 846,8 сая төгрөгийн хөрөнгө зарцуулахаар тусгагджээ. Үндсэн чиглэлийг Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль, Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд дэвшүүлсэн зорилт, Засгийн газрын 2016 оны 249-р тогтоол, Засгийн газрын бодлогын баримт бичгүүд, Намуудын мөрийн хөтөлбөр, Баруун бүсийн хөгжлийн хөтөлбөр, Аймгийн хөгжлийн бодлогын баримт бичгүүд,  Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, өмнөх онд хийж дуусаагүй ажлуудыг үргэлжлүүлэн гүйцэтгэх, аймаг орон нутагт зайлшгүй хийхээр тулгамдаж буй зорилт, арга хэмжээг шийдвэрлэх зэрэг зарчмыг баримтлан боловсруулжээ. 2017 оны үндсэн чиглэлийн зорилт, арга хэмжээ хэрэгжиж, биелэгдсэнээр аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн  30 гаруй хувь нь биелэх боломж бүрдэх юм. 
         ИТХ-ын 3-р хуралдаанаар мөн аймгийн орон нутгийн 2016 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, тодотгол, 2017 оны төсөв батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа учраас ирэх онд Завхан аймгийн төсвийн суурь орлогыг 778,9 сая төгрөгөөр өсгөх, суурь зардлыг 906 сая төгрөгөөр бууруулах чиглэл өгсөн байна. Энэ хүрээнд 2017 оны төсвийн төслөө боловсруулжээ. Энэ жил Завхан аймагт ОНХС-ийн 1,9 тэрбум төгрөг хуваарилагдсанаас тусгай шилжүүлгээр 432.6 сая төгрөгийг зарцуулахаар болсон байна. Иймд үлдсэн 1,5 тэрбум төгрөгийг шинэчлэгдсэн төсвийн тухай хуулиар 70 хувийг нь аймагтаа, 30 хувийг суманд зарцуулах юм. ОНХС-ийн төсвийг хуваарилахдаа      1-рт: газар нутгийн хэмжээ, 2-рт: хүн амын тоо, 3-рт: алслалт буюу аймгийн төвөөс тухайн сум хүртэлх зай гэсэн 3 үндсэн үзүүлэлтийг тооцсон байна.
      Мөн хуралдаанаар аймгийн ИТХ-ын 2016-2020 онд баримтлах бодлогыг батлах тухай, Аймгийн ИТХ-ын бодлогын хороодыг байгуулах, ажиллах чиглэлийг батлах тухай, Аймгийн газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөөний гүйцэтгэл, 2017 оны төлөвлөгөөний төслийн танилцуулга гэсэн асуудлуудыг тус тус хэлэлцэн баталлаа.

 

Ийнхүү аймгийн ИТХ-ын 3-р хуралдаанаар ирэх 4 жилд аймаг орон нутгаа хөгжүүлэх, ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, орон нутгийг ирээдүйд өрсөлдөх чадавхи бүхий бүс нутаг болгон хөгжүүлэхэд чиглэгдсэн бодлогын шийдвэрүүдийг гарган баталлаа. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%