Завхан аймаг ирэх 4 жилд хэрэглэдэг бус үйлдвэрлэдэг аймаг болох томоохон зорилт тавин ажиллаж байна. Энэ зорилтынхоо хүрээнд оёдолчин эмэгтэйчүүдээ дэмжин ажилласны үр дүнд өнөөдөр 24 сумын 1126 эмэгтэй уран хатгамал хийж сурчээ. Оёдолчин бүсгүйчүүдээ үйлээ урлах, туршлага судлах, бүтээлээ олон нийтэд танилцуулах боломжоор нь хангах зорилгоор аймгийн болон бүх сумын Иргэний танхимыг амралтын өдрүүдэд тэдэнд зориулан ажиллуулж байгаа юм. Үйл урлаж байгаа эмэгтэй хүн хатуужил тэвчээр, олон талын мэдлэг мэдээлэлтэй болохоос гадна хамгийн гол нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, үр хүүхдүүдээ зөв хүн болгон төлөвшүүлэхэд нь ихээхэн ач холбогдолтой байдаг байна. Тиймээс эмэгтэйчүүдийн хамгийн сайн хийж чадах атлаа нийгэмд үр дүнгээ өгөх ажил бол уран хатгамал гэж үзсэний үндсэн дээр Завхан аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл 2016 онд өрх бүрийг үйлдвэрлэгч болгох зорилт тавьж, аймгийн Засаг дарга Д.Батсайхан дэмжиж ажилласнаар бодит үр дүнгээ өгч байна.
“Хамтын хүч-хөгжлийн гарц” чуулганыг энэ сарын 13-15-ны өдрүүдэд аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулаа. Энэ үеэр сум бүрээс ирсэн 400 гаруй үйлчин эмэгтэйчүүд Завхан аймагт байгаа үндсэн түүхий эд материалаар хэрхэн, юу хийж чадаж буйг харуулсан “Өрх бүрийг үйлдвэрлэгч болгоё” үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаас гадна эмэгтэйчүүдийг чадавхжуулах сургалтууд, салбар бүрийн манлай эмэгтэй шалгаруулах ёслолын ажиллагаа болж өнгөрлөө.